Монголын хамгийн отгон галерей болох “B CONTEMPORARY ART GALLERY” буюу Б орчин үеийн урлагийн галерейд нүд баясгаж, сэтгэл хөдөлгөсөн, хүнийг гайхшруулсан орчин үеийн шинэлэг үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнгийн нэр нь #01... CONTEMPORARY SERIES бөгөөд цувралаар үзэгчдэд хүрнэ гэдгийг уран бүтээлчид онцлон хэлж байв. Есөн уран бүтээлч хамтран Инстоляци урлаг буюу Өрөг урлагийн төрлөөр өөрсдийн бүтээлээ дэлгэн үзүүлж буй. Тэдний бүтээлдээ ашиглаж байгаа материал, дэлгэн үзүүлж байгаа орон зайн зохиомж нь их содон бас сонин. Бидний өдөр тутамд харж байдаг махны машин, хадаас, дугуйны гинж, торго, мод гэх мэт зүйлийг ашиглаж шинэ санааг олж уран бүтээлээ туурвижээ. Мөн маш гүн гүнзгий утга санааг агуулсан, хүнийг бодолд автуулж энэ хүн яг юуг илэрхийлэх гэж энэ бүтээлийг хийсэн юм бол гэх мэт бодол төрөхөөр уран бүтээлүүд байлаа. Ингээд уншигчдадаа үзэсгэлэнгийн онцлох уран бүтээлүүдийг танилцуулж байна.
“Хоосон чанар” хэмээх энэ уран бүтээлийг хуванцар, торго, төмөр ашиглаж хийжээ. Дан гар ажиллагаагаар таван сар орчим хугацаанд хийж дуусгасан байна. Үзэгч анх харахад эвгүйцэж хүлээж авахаар уран бүтээл байв. Уг бүтээлийн гол утга санаа нь арга, билэг хоёрыг илтгэж, дорно дахины шашны талаас хүн нас барсны дараа хаачдаг вэ гэсэн бодлыг хүмүүст төрүүлэхээр энэхүү бүтээлийг туурвисан хэмээн чөлөөт уран бүтээлч, зураач Б.Баатарзориг онцлон ярилаа. Тэрээр эхнэртэйгээ хамтран уг уран бүтээлээ хийжээ.
“Нуугд нуугд” хэмээх эл бүтээлийг мод, сур ашиглаж хийсэн бөгөөд хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон хэмээн Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, “Б орчин үеийн урлагийн галерей”-н үүсгэн байгуулагч П.Ганбат тайлбарлалаа. Мөн тэрбээр, “Орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлчдийнхээ шинэ содон санааг олон нийтэд таниулах зорилгоор энэ үзэсгэлэнгээ нээгээд байна. Үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид маань гадаадын олон тэмцээн уралдаанд оролцож байсан хүмүүс бий. “Нуугд нуугд” хэмээх уран бүтээлийн хувьд хүний шуналыг, увайгүй үйлдлийг боож баглаж байгаагаар хийсвэрлэж харуулсан” хэмээн хэллээ.
Чөлөөт уран бүтээлч, зураач Г.Гэрэлхүүгийн “Хайрцаг” хэмээх энэ бүтээл нь хүний далд ухамсарт үлдсэн зүйлсийг өдөөж, хүнд эргэн бодогдуулах увдистай аж.
Урлаг нь дотроо олон төрөл байдаг. Эдгээр үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь дээр дурдсан шиг “Өрөг урлаг”-ийн төрөл. Зарим хүмүүс “Өрөг урлаг гэж ямар зүйлийг хэлж байгаа бол хэмээн гайхаж магадгүй. Тэгвэл 1970-аад оны эхээр дэлхийн урлагийн түүхэнд шинэ чиглэл хөдөлгөөн орж ирсэн нь консефтуал урлагийн бүрэлдэхүүн болох Инстоляци урлаг байлаа. Энэхүү урсгал нь контемпорари урлагт харьцангуй шинэ урсгал юм. Энэ урсгалд бүтээлийн бүрэн гүйцэд дууссан шинж гэхээс илүүтэйгээр “Санаа” болон “Нөлөөлөл” маш чухал. Өөрөөр хэлбэл, Инстоляци уран бүтээлчид өнөө үеийн материал хэрэглэж өөрийн мессежийг олонд хүргэхийг илүү зорьдог байна.
Орчин үеийн шинэлэг шийдэл бүхий #01... CONTEMPORARY SERIES цуврал үзэсгэлэнг цар тахал гарсантай холбогдуулан, албан ёсны нээлт, хүлээн авалт зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулалгүй, галерейн ажиллах цагийн хуваарийнхаа дагуу үзэгчдийг байнга масктай байлгах, үзэгчдийн тоог хязгаарлах, хоорондын зай барих нөхцөлөөр хангах зэрэг цаг үедээ тохирсон тусгай журмын дагуу зохион байгууллаа.
Уг үзэсгэлэн 2021 оны 03-р сарын 18 хүртэл гарах тул эрхэм уншигч та бүхэн нүдээ баясгаж орчин үеийн шинэ содон бүтээлийг сонирхон үзэх боломжтой.