Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Өмнө нь Монголын хуульчдын холбооны дэргэд Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байв. Уг хорооны гишүүд орон тооны бус байсан. Харин дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дээрх хороог татан буулгаж, Шүүхийн сахилгын хороо байгуулж, албан ёсны гишүүдтэй байхаар болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангах учиртай. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Мөн хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Мөн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан байх учиртай.
Үүнд:
- Монгол Улсын иргэн байна:
2.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
3.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
4.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
5.сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.шүүгчээр ажиллаж байгаагүй;
7.Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;
8.шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;
9.өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;
10.прокуророор ажиллахгүй байгаа;
11.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлага багтаж буй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн, эсхүл Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдийн баримт бичгийг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг 17.30 цаг хүртэл биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авах аж.