Хоёр ч цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг гэртээ хадгалсан иргэн А-д шүүхээс ял оноолоо. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас дээрх иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-2 дахь хэсэг буюу “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, гадаадад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлджээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар цоохор ирвэс нь нэн ховор амьтны ангилалд багтдаг. Тиймээс цоохор ирвэсийн арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалсан А-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оноосон байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.