Хүн малын хөлд талхлагдсанаас жил бүр чуулдаг байсан хунгийн сүрэг нь дайжин одсон Ганга, зохисгүй, төлөвлөлтгүй аялал жуулчлалын балгаар жилээс жилд доройтон буй Хөвсгөл, шаамий хэмээх хорт шавж олширсноос загасны нөөц нь дуусаж, экосистем нь алдарсан Хөх, судлах, хамгаалах нэрийдлээр улс, орон нутгийн төсвөөс сая саяар нь мөнгө хуваарилдаг ч ширгэн дундарсаар олон жижиг аралтай болсон Тэрхийн цагаан нуурын ард үзэсгэлэнт Өгий “ээлжээ хүлээн” зогсжээ. Ус, намгархаг газрыг хамгаалах зорилготой Рамсарын конвенцод бүртгэлтэй, олон төрлийн загас, усны шувууны амьдрах, өсөж үржих таатай орчин болсон, Орхон голын сав газрыг тэжээн тэтгэгч, цэнгэг уст эл нуур хүн, малын хөлд хайр гамгүй талхлагдсанаас экосистемийн доройтолд бүрэн автав.
Өгий нуурыг хамгаалахад өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө зарцуулсан. Зөвхөн 2019-2020 онд гэхэд дөрвөн тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс хуваарилжээ. Нуурын доройтлын асуудлыг олны анхааралд аваачиж, төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргуулахад гол нөлөө үзүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Бохирдлыг бууруулж, урсцыг сайжруулах, ойн зурвас байгуулж, экосистемийн тэнцвэрийг хадгалах олон хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулж УИХ-ын чуулганы танхимаас чанга гэгч нь “хашхирсан” тэрбээр нуурын асуудлаар санал солилцох нэрийдлээр байсхийгээд л нутгийн иргэд, жуулчны баазынхныг цуглуулан, хуралдаж, зөвлөлдөхөөс өөр гавьтай зүйл хийгээгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнөхөн ч БОАЖЯ-аар “эргэлдэж” Өгийг хамгаалах 400 саяын супер төлөвлөгөө танилцуулан, дээр, дооргүй гүйсэн тэрбээр өдгөө таг чимээгүй болов. Асуудал ярьсан болгон ажил хийдэггүйг, байгаль орчны хамгаалал төсөвт мөнгө суулгуулах төдийхнөөр хэмжигддэггүйг Өгий нуурын жишээ харууллаа.
Эл нуурын усны түвшин багассаныг гэрчлэх баримт, судалгаа олон. 2002-2016 онд усны түвшин нь 30 орчим хувиар буурсан, хамгийн гүн хэсэгтээ 20 гаруй метр хүрдэг байсан бол өдгөө чүү чамай 10 метр хүрдэг болжээ. Өнгөрсөн хугацаанд санаачилсан, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын дийлэнх нь Өгий нуурын усны түвшин, урсцыг сайжруулахад чиглэж байв. Орон нутгийн иргэд ч “Цэнгэг уст нуур минь ширгэж багассаар дуусах нь” хэмээн асуудал дэвшүүлэн, жил болгон хурал цуглаан, хэлэлцүүлэг хийж, ойр хавийн малчдыг нүүлгэнэ, нүүлгэхгүй гэж талцсаар өдийтэй золгосон. Гэвч энэ хооронд Өгийн бохирдол, доройтол хэдийн туйлдаа хүрчээ. Рамсарын конвенцод бүртгүүлсний утга учир алдагдаж, нуурын экосистемийг тэнцвэртэй байлгахад чухал үүрэгтэй амьтан, ургамлын нөөц барагдсаныг судлаачид хэлэв.
Ийм нөхцөлд өөр гол, нуураас суваг, хоолой татах, усжуулах байгууламж барих, нуур дагуу их хэмжээний мод тарих зэрэг арга хэмжээ авахаас илүү ойр орчмыг нь малын хөлөөс чөлөөлөх, аялах, загасчлах зорилгоор очиж, байгаль бохирдуулдаг явдлыг таслан зогсоох нь нэн чухал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх боллоо. Өөрөөр хэлбэл, бохирдлын эх үүсвэрийг таслан зогсоох нь нуурын экосистемийг одоогийнхоос дордуулахгүй байх арга гэнэ. Бохирдуулагч хүчин зүйлсийг шийдээгүй цагт хэчнээн тонн ус нуур руу цутгаад ч нэмэргүй гэдэг санааг тодотголоо. Өгий нуурын асуудалд цаашид санаа тавих, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй хүмүүс, орон нутгийн удирдлагууд өмнөх жилүүдийн алдааг давтахгүйн тулд энэхүү зөвлөгөөг анхаарахад гэмгүй биз ээ.
Өгий нуурын одоогийн нөхцөл байдлын талаар судлаач, мэргэжилтнүүд юу хэлснийг хүргэе.
УСНЫ ЧАНАР МУУДАХ, ОРГАНИЗМЫН БҮРЭЛДЭХҮҮН ӨӨРЧЛӨГДӨХ ҮЙЛ ЯВЦ ЭРЧИМЖСЭН
Ч.АЮУШСҮРЭН (ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор):
-Хүний буруутай үйл ажиллагааны улмаас ихээхэн бохирдсон, хот суурин газрын ойролцоох нууруудын төлөөлөл болгож, Өгийг 2019 оноос судалж эхэлсэн. Бохирдлыг нь биологийн аргаар үнэллээ. Гүний зураглалыг нь гаргахад нуурын хэмжээнд тархсан усны ургамлын хэмжээ 6.24 ам км буюу нуурын нийт талбайн 20 хувийг эзэлж байв. Гидрохимийн судалгааны дүнгээс үзэхэд, сүүлийн 14 жилийн хугацаанд Өгий нуурын усны хатуулаг, эрдэсжилт, азотот нэгдэл, фосфорын болон оксидын хэмжээ эрс нэмэгдэж, тунгалагшилт багасан, мөсний зузаан буурсан үзүүлэлт гарсан. 1990, 2004 оны судалгааны дүнтэй харьцуулахад, зонхилогч замгуудын оронд бохир усны индикатор зүйлүүд их хэмжээгээр ургаж, эвтрафикац (усны чанар муудах)-ын үйл явц эрчимтэй үргэлжилж байна. Үүнд хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдол, малын баас, шивтэр, усны зохисгүй ашиглалт, газар тариаланд бордоо өргөнөөр ашигладаг зэрэг нь хүчтэй нөлөөлсөн. Замаг, бичил биетнээр хооллогч, хөвөгч амьтдын биомассын хэмжээ 1968, 2004 оныхоос 14-34 дахин нэмэгдсэн. Нуурын усанд азот, фосфор болон бусад биогенийн элементийн хэмжээ нэмэгдэж, усны чанар энэ янзаараа эрчимтэй муудсаар байвал алсдаа Өгий нуурын усыг унданд хэрэглэх, загасыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй болно. Өгий нуур загасны зүйлээр баялаг байсан бол зохисгүй агнуурын улмаас хомсдох, устах аюулд ойртоод байна. Энэ чиглэлд ямар ч хяналт, нэгдсэн мэдээлэл алга. Загас барихаар очсон иргэдээс байгаль хамгаалагчид 10 мянган төгрөгийн хураамж авах төдий хууль үйлчилдэг. Нуурын экосистемийг хамгаалахын тулд загасчлалыг зохистой болгож, төвлөрлийг сааруулах нь чухал.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХНЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ
Б.ТӨГӨЛДӨР (Шувуу ажиглагч, сонирхогч)
-Шувуу ажиглах сонирхлоороо Өгий нууранд хэд хэдэн удаа очсон. Ганга нуураас дутахааргүй болсон байна лээ. Нуурын мандлын зарим хэсэгт их хэмжээний замаг хөвж, эрэг дагуух зэгс юу ч үгүй гишгэгдсэн байсан. Нутгийнхан “Элбэг шувууд нь хүртэл хаа нэг үзэгдэх боллоо” гэж ярьж байв. Гэтэл тэр хавийн жуулчны бааз, кэмпийнхэн “Хар галуу нуурын загасыг идээд дуусгалаа” гээд жил бүр бөөн юм болдог. Монгол орноор дайран өнгөрдөг, өндөглөн зусдаг нүүдлийн шувуудын гол суурьшлын бүсээ хамгаалъя гэвэл аялал жуулчлалынхныг цэгцлэх хэрэгтэй. Нууранд эзэн сууж, нутаглахаар ирсэн шувуудыг хөөж, хядаж байгаа амралтын газрынханд хариуцлага тооцох ёстой юм. Даацаас нь хэтэрсэн ачаалал үзүүлэхээр ямар ч сайхан байгаль богино хугацаанд доройтно. Ийм харамсам жишээ дэлхийд олон.
ӨГИЙ НУУРЫГ ЗАГАС ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР МЭТЭЭР СУРТАЛЧЛАХ НЬ БУРУУ
Т.ГАНТОГТОХ (Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн гишүүн):
-Өгий нуурын доройтол ийм түвшинд очиход гол нөлөөлсөн зүйл нь аялагч, загасчдын ул мөр. Зун гэлтгүй өвөл хүн шавааралдсан байдаг. Өгийнуур сумын ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн сард хуралдаад, аялагчдаас авах хураамжийн хэмжээг нэмсэн. Өмнө нь дотоодын аялагчдаас 500, автомашин бүрээс 1000, гадаадынхнаас 3000 төгрөг авдаг байсан. Одоо гадаадынхнаас 5000, тээврийн хэрэгслээс 3000 төгрөг авахаар боллоо. Энэ маш зөв шийдэл гэж харж байгаа. Эндээс төвлөрсөн мөнгийг нуураа хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Хариуцсан захиргааны байгаль хамгаалагч, мэдээлэл, сургалтын төвийн ажилтнуудыг чадавхжуулах, хүн хүч, санхүү, техник хэрэгслийнх нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Нуурыг хамгаалахын төлөө тууштай ажиллаж байгаа хүмүүс эднээс өөр байхгүй. Загасны хувьд дээхэн үед хамгийн их нөөцтэй нь эл нуур байсан.
Төрөл, зүйлийн хувьд ч баялаг. Одоо загасчид 3-4 зүйл л үлдсэн, бие нь давжаарч жижгэрсэн тухай ярьдаг. Үнэний ортой гэж бодож байна. Байгалийн ямар ч нөөц барагдана шүү дээ. Гэтэл тэндхийн жуулчны баазынхан, загасчлалын зарим бүлгэм, холбооныхон Өгийг загас үржүүлгийн газар мэтээр сурталчилж, тэмцээн уралдаан байнга зохион байгуулдаг. Үүнийг болиулах хэрэгтэй.