Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээг буруутган байцаахдаа холбогдох байгууллага, албан тушаалтан хүний эрхийн зөрчил гаргасан талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас сонсжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хорих 401 дүгээр ангид очиж, Т.Чимгээтэй уулзав. Уулзалтын дараа Засгийн газрын тэргүүн хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгсөн бөгөөд Т.Чимгээгийн зөвшөөрлөөр хэрэгт холбогдох зарим баримтыг ил болгохоо мэдэгдлээ. Үүнийг маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Т.Чимгээг хоригдож эхэлснээс хойш буюу 2016 оны наймдугаар сард түүний охин автомашины ослоор нас барсан бөгөөд энэ хэргийг сэргээх шалгаж өгөхийг тэрбээр Ерөнхий сайдаас хүссэн байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байгааг ч онцолсон. Шүүх энэ хэргийг шийдвэрлэж, тэднийг эрүүдэн шүүсэн нь эцэслэн тогтоогдвол С.Зоригийг хөнөөсөн хэргийг ч эргэн харах хууль зүйн үндэслэл бийг хэлж байлаа. Тодруулбал, Эрүүгийн хэрэг байцаан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т заасны дагуу шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн хэргийг дахин шалгах боломжтой аж. Иймд эл асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулах санал гаргахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Мөн тэрбээр нэр бүхий шүүгчидтэй архидан согтуурсан бичлэгт холбогдох өмгөөлөгч Б.Баасанцогтын талаар зарим зүйлийг тодотгов. Учир нь зарим хэргийг шүүхээр шийдвэрлэх үйл явцыг хэрхэн удаашруулах тухай схем, төлөвлөгөө түүний компьютероос олдсон аж. Тэдгээрийн дунд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох баримт, сэлт байсныг Ерөнхий сайд дурдсан бөгөөд “Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, прокурорын хамт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг төлөвлөдөг нь тогтоогдвол тун ноцтой. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх оролцсон байх баримт ч эхний байдлаар тогтоогдоод буй. Цаашлаад “Ариг” банкийг булаан авахын тулд шүүгчид шан харамж, авлига өгсөн байж болзошгүй гэх мэт олон хэрэгт холбогдох баримт байна. Олны анхаарлыг татсан тэр бичлэгт архидалт төдий зүйл баримт болж үлдээгүй. Түүний ард маш олон ноцтой зүйл бий” хэмээсэн юм. Энэ талаар ҮАБЗ-д танилцуулж, хуралдуулах хүсэлтэй буйгаа ч Ерөнхий сайд хэлсэн. Улмаар УИХ-аар үүнийг хэлэлцүүлэх бодолтой буй юм байна.