Монгол Улс, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Хонконг улсад манай охид эмэгтэйчүүдийг хуурч аваачин, хүний наймааны золиос болгох тохиолдол их байдаг. Мөн хар тамхитай холбоотой хэргүүд ч цөөнгүй гардаг. Үүнтэй холбоотойгоор ЭЦА-наас тус улс руу хандаж, эмэгтэйчүүдээ хамгаалалтад авах, хохирогч гэрчийн талаар материал хүсэлт гаргахад шуурхай шийдэх боломж хомс байжээ. Ер нь Зүүн өмнөд Ази манайхны хувьд эрсдэл бүхий нутаг. Тиймээс уг гэрээ хэлэлцээрийг байгуулсан нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. ХЗДХЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнхбатаас хэлэлцээрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн гол зорилго юу вэ?
-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн гол зорилго нь манайд шалгаж буй хэрэгтэй холбоотой Хонконгоос ямар нэг ажиллагаа хийлгэхэд эрх зүйн туслалцаа авах үндсийг бүрдүүлэх юм. Гэрээ хэлэлцээрийг үндэслэн манайхаас Хонконгийн тал руу хүсэлт гаргаж, “Энэ хэрэгт ингэж туслалцаа үзүүлээч, тийм ажиллагаа явуулж өгөөч” гэх боломж нээлттэй боллоо. Наад зах нь бичиг баримт цуглуулах хүсэлт явуулаад туслалцаа авах нөхцөл бүрдсэн. Ямар ажиллагаа хийх, юу гүйцэтгэх талаар гэрээнд тодорхой тусгасан. Нөгөө тал мөн адил бүс нутагтаа гарсан хэрэг явдлын талаар манайхтай мэдээлэл солилцоно. Монгол, Хонконгийн эрх бүхий байгууллагуудын эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүрээг тодорхойлсон бөгөөд талууд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ.
-Өмнө нь гэрээ хэлэлцээр байхгүй байлаа. Эрүүгийн хэргийг илрүүлэхэд хүндрэл гарч байсан уу?
-Гэрээ хэлэлцээр байгуулаагүй байхад хууль эрх зүйн хүрээнд бүх зүйл боломжгүй байсан. Иргэд хоёр талдаа гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж буй. Тиймээс дээрх эрх зүйн бичиг баримт, гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Ер нь бол хоёр талд аливаа хэрэг гарсан байхад үүнийг илрүүлэхэд тустай эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байх ёстой.
-2018 онд үзэглэсэн гэрээг өдийд хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн нь ямар шалтгаантай вэ?
-Тухайн үед хэлэлцээр хийж гарын үсэг зараад соёрхон баталсан. Үүнийгээ Хонконгийн талд мэдэгдсэн. Хонконгийн тал мөн хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингээд БНХАУ-ын төв Засгийн газартаа давхар зөвшөөрөл авдаг. Хоёр талдаа гэрээ бүх шаардлагыг биелүүлж дууссанаа харилцан мэдэгдэж байж хэлэлцээр хүчин төгөлдөр болдог. Хамгийн сүүлд Хонконгийн тал 2021 оны хоёрдугаар сарын 1-нд дотоодынхоо бүх ажиллагааг дуусгаснаа мэдэгдсэн. Мэдэгдлээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээрийг албан ёсоор мөрдөж эхлэх учиртай. Манайх дотоодынхоо ажиллагааг аль хэдийн дуусгасан байсан.