Жендэрийн Үндэсний хорооны хуралд Ерөнхий сайд оролцож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендэрийн тэгш бус байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Үүнийг шулуухан хэлбэл, буруу хооллолт, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Ерөнхий сайд болоод үүнийг зүгээр ч нэг хэлсэн зүйл бол биш. Бид хоолны соёл, архидалтын эсрэг арга хэмжээг эрчүүдэд авахгүй бол энэ үзүүлэлт улам бүр өснө. Өөрөөр хэлбэл, ходоод, элгэны хорт хавдар, нойр булчирхай, түрүү булчирхай нь өвдөх асуудлууд их байна. Ингэж өвчилж байгаа нь зөв цагтаа унтахгүй байхаас болж байна.
Манай эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Энэ цагт хүн гүн унтаж байх үе гэдгийг эрүүл мэндийн салбарын хүмүүс надад тайлбарласан. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн архи ууж, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярихаас өөр арга алга. Эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг хөндөх цаг болж. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Хэт таргалалтыг асуудал дээр анхаарал хандуулах цаг аль хэдийн болжээ. Эдгээрийг жендерийн эрх тэгш бус байдал гэдэгт авч үзэх хэрэгтэй.
Бас хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо өндөр мөртлөө дунд шатанд хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах шаардлагатай болжээ. Үүнээс болж монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр хэлбэл боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр шинэ түвшинд ажиллах шаардлагатай байна. Энэ үгийг хэлсэндээ шүүмжлэлд өртөх л байх. Хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүч ердөө л 1.5 сая байдаг. Үүний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй" гэдгийг онцлов.