“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банктай холбоотой зарга, дуулиан цөөнгүй гарах болсон. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ял оноосон билээ.
Тодруулбал, Ч.Алтанхуягийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулсан. “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”, гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн буруутгасан юм. ЭМДЕГ-ын дарга асан дээрх хүн албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсныг тогтоосон байдаг. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг нар авсан нь ч батлагдсан.
Шүүхээс “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцсон юм. Улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноов. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийн төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж, долоо, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгосныг бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Үүнээс хойш тус банкны Удирдах зөвлөл нь С.Сандагдоржийн албан тушаалыг өөрчилж, бизнес хариуцсан дэд захирлаар томилоод буй аж.
ТӨР, ИРГЭДИЙН МӨНГИЙГ ӨГӨХГҮЙ БАЙГААГАА ЯАГААД ҮГҮЙСГЭВ
Энэ банктай холбоотой дуулиан ганц энэ биш. Тус банкаар дамжуулсан гүйлгээ, орлогыг түргэн гүйцэтгэх чадваргүй болж, олон харилцагч, хадгаламж эзэмшигчээ хохироож буй явдал өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гарах болсон. Тус банкаар төлбөр, гүйлгээгээ дамжуулсан зарим иргэн, аж ахуйн нэгжийнхэн өнгөрсөн хавар, зун гүйцэтгэх удирдлагатай нь уулзах, Төвбанканд гомдол мэдүүлэх зэргээр мөнгөө авахыг оролдсон ч амжилт олоогүй билээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн юм. Тус банкны удирдлагад Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээгээд буй. Тус банканд татвар төлөгчдийн улсад тушаасан буюу Засгийн газрын, төсвийн байгууллагуудын, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн гэх зэргээр нэлээд олон тэрбум төгрөгийг байршуулсан гэдэг.
Үүнтэй зэрэгцээд тус банканд харилцах дансаа нээсэн хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мөнгөө олж авахын тулд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлсэн. Тухайлбал, эл арилжааны банканд олон тэрбум төгрөгөө байршуулсан Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), “Хубилай лайф” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ынхан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэхэмжилснийг бид уншигчдадаа хүргэсэн.
Гэтэл тус банкны хуулийн хэлтсийн захирал Б.Төрбадрах нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн, өөрөө хариуцагч талыг төлөөлөн оролцсон хурлуудаа үгүйсгэж манай сонинд албан тоот илгээжээ. Түүндээ “Илт худал мэдээлэл бөгөөд манай банк болон нэр дурдсан төрийн байгууллагуудын эрх ашгийг хөндсөн зохисгүй үйлдэл. Тиймээс сонин, цахим хуудаснуудад гарсан мэдээллийг залруулга хийж, нэн даруй устгаж өгнө үү” хэмээсэн юм. Тиймээс бид бодит мэдээллийг нь хүргэе.
ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БУЙГАА НУУСАН УЧРААС 50 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
УИХ 2010 онд баталж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Банкны тухай хуулийн 38.1-т “Банк нь энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн I улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна”, 38.2.7-д “Банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл”-ийг нийтэд мэдээлнэ”, 38.3-т “Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн, зөв, эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэж заасан. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний А-200 дугаар тушаалаар “Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар, маягт”-ыг баталж, түүний дөрөв дэх хэсэгт “Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт”-ийг дээрх хуульд заасны дагуу олон нийтэд мэдээлэхээр заасан аж. Гэтэл “Чингис хаан” банкныхан энэ үүргээ биелүүлээгүй учраас Төвбанкны хянан шалгагч Б.Халиунаа зөрчлийн хэрэг нээж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 11.3-10 дахь хэсэгт заасан “Тайлан, тэнцэл, мэдээ баримт, банкийг тогтворжуулах төлөвлөгөөг Монголбанканд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, ирүүлээгүй, эсхүл нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг 5000, хуулийн этгээдийг 50 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг үндэслэн 50 сая төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулсан байна. Үүнийг нь тус арилжааны банкныхан эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монголбанкны хянан шалгагч Б.Халиунаагийн 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 0050106 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, шийтгэл ногдуулах үндэслэл нь Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” хэмээн ханджээ. Тус шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд уг гомдлыг хянан хэлэлцээд “Чингис хаан” банк нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг заавал мэдээлэх үүрэгтэй байна, нийтэд мэдээлбэл зохих санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй” үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй “Чингис хаан” банкныхан нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч амжилт эс олжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хянан шалгагчийн арилжааны дээрх банкийг 50 саяар торгох шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, уг мөнгийг “Чингис хаан”-аас гаргуулж, улсын төсөвт оруулахаар болсон байна. Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэр байсаар атал тус банкнаас “Өнөөдөр” сонинд ирүүлсэн албан бичигт “Монголбанкны хянан шалгагчийн 50 саяар торгох шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, уг мөнгийг “Чингис хаан” банкнаас гаргуулахаар болсон зэрэг нь илт худал мэдээлэл” гэж буй нь харамсалтай.
ИНЕГ-ЫН МӨНГИЙГ ГАРГУУЛАХААС ГАДНА УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИД 13 САЯЫГ АВНА
ИНЕГ-ынхан “Чингис хаан” банкны 5101….. дугаартай дансанд байрших 2.6 тэрбум төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандсан, шүүх хэрхэн шийдвэрлэснийг дор өгүүлье. Учир нь тус арилжааны банкныхан “Илт худал мэдээлэл, манай банк болон нэр дурдсан төрийн байгууллагуудын эрх ашгийг хөндсөн зохисгүй үйлдэл” хэмээгээд буй юм. Харин бид баримттай мэдээлэл бичиж уншигчдад хүргэдэг билээ.
ИНЕГ тус банктай 2016 оны арванхоёрдугаар сард гэрээ байгуулж, мөнгө байршуулсан аж. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Чингис хаан” банканд хандаж гүйлгээ хийх хүсэлт буюу төлбөрийн даалгавар 12 удаа хүргүүлжээ. Харамсалтай нь, тус банкныхан тэдгээр гүйлгээг хийхгүй байсан учраас ИНЕГ-ынхан нэг бус удаа албан бичгээр хандсан гэнэ. Гэвч уг мөнгийг нь шилжүүлэхгүй, хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ арилжааны эл банкныхан биелүүлэхгүй байж. Тиймээс ИНЕГ-ынхан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар бид мэдээлсэн билээ.
Уг нь Банкны тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 16.1.1-т “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” ёстойг ч заасан. Дээрхээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2.2 дахь хэсэгт “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, 8.2.8-т “Хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгийг хадгалахдаа хууль тогтоомж болон талуудын байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол харилцах данс нээж, түүний даалгавраар төлбөр гүйцэтгэж, харилцах дансны тогтвортой үлдэгдэлд нь хүү төлж болно”, 17.3-т “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” гэсэн зохицуулалт бий. Эдгээр заалтыг “Чингис хаан” банкныхан зөрчсөн учраас ИНЕГ-ын 2.6 тэрбум төгрөгөө гаргуулан авч, арилжааны өөр банканд байршуулахаар шүүхэд хандсан юм байна.
Уг нь арилжааны банкныхан дээрх мөнгийг нь шилжүүлэхээр хуваарь гарган ИНЕГ-т хүргүүлсэн ч товлосон хугацаандаа гүйлгээг нь хийгээгүй нь шүүхэд дуудагдах үндэслэл болжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд ИНЕГ-ын нэхэмжлэлтэй, дээрх банканд холбогдох хэргийг хэлэлцээд Иргэний хуулийн 445.1-т заасан “Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд (цаашид “төлбөр тооцоо гүйцэтгэгч” гэх) нь иргэн болон хуулийн этгээд (цаашид “харилцагч” гэх)-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ”, 445.3-ын “Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно”, 445.4 дэх хэсгийн “Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ” гэж тусгасныг үндэслэн тус банкны 5101… дугаартай данснаас ИНЕГ-ын 2.6 тэрбум төгрөгийг гаргуулж, өөр нэг арилжааны банкны дансанд шилжүүлэхийг “Чингис хаан”-ынханд даалгасан байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид 13 сая гаруй төгрөг гаргуулж Төрийн санд оруулахаар болжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 5-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэнэ.
“Чингис хаан” банкны төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой, харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироосон байж болзошгүй иргэний болон эрүүгийн бусад хэргийн явцыг бид эргэн мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа