БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийнхөн цахимаар хуралдаж, эко аялал жуулчлалын төлөвлөлт, Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон дэд бүтцийн бусад ажлын явцын талаар санал солилцлоо. Жанхай, Чучу чиглэлд морин болон явган аяллын 6.2, Доод модот буланд 8.8 кмжим байгуулж, тохижуулах ажлыг ирэх зун эхлүүлэх бөгөөд мэргэжилтнүүд өдгөө зураг төслийг нь боловсруулж байгаа гэнэ. Харин Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих, Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв, Дээд модот булан, Ардагт 500 машины зогсоол байгуулахаар хээрийн хайгуул, хэмжилт, судалгааны ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлжээ. “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 31 ажлыг 55 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хатуу хаягдлыг стандартын дагуу булж, устгах технологи бүхий төвлөрсөн хоёр цэг байгуулах. Эдгээрийг Хатгал тосгон болон Ханх сумд байгуулах нь зүйтэй гэдэгт судлаач, мэргэжилтнүүд санал нэгдэж, үүний дагуу ТЭЗҮ болон зураг төслийг нь боловсруулж байна.