Өмнөговь аймгийн Номгон суманд өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 07:47 цагт Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 86 км зайд орших Богт багийн “Хөх толгой” гэдэг газар 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 09:41 цагт Номгон сумын төвөөс зүүн урд зүгт 81 км-т орших “Улаан бут” гэдэг газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.