Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилтийг банкуудад олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өнгөрсөн даваа гарагт Төвбанкнаас ХААН, Худалдаа хөгжлийн, “Голомт”, “Хас”, Тээвэр хөгжлийн, “Богд”, “Капитрон”, “Кредит” банканд нийт 200 тэрбум төгрөгийн репо санхүүжилт олгожээ. Өмнө нь репо санхүүжилтээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогчдод дээд тал нь 500 сая төгрөгийн зээл олгож байсан. Мөн ийм хэмжээний зээлийг нь дахин санхүүжүүлж байлаа. Тэгвэл цаашид банкууд Монголбанкнаас авсан репо санхүүжилтээр батлагдсан шалгуурын дагуу гурван тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй зээлийг шинээр олгохоор болжээ. Түүнчлэн өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлнэ. Монголбанкнаас коронавирусийн халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн оны төгсгөлд олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг нь дахин санхүүжүүлэхэд зарцуулсан байна.