Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс сулруулж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулах болсон. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг Засгийн газраас гаргажээ. Хэдийгээр хөл хориог сулруулсан ч цар тахлын эрсдэл буураагүй учир аж ахуйн нэгж, иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг уг журамд тусгасан байна. Ялангуяа үйлчилгээний газруудад мөрдөх халдвар хамгааллын дэглэмийг салбар, чиглэл бүрээр нарийвчлан боловсруулсан аж. Тухайлбал, амралт, сувиллын газруудаар үйлчлүүлэгчид нийтийн хоолны танхимд цугларахгүй. Өрөөндөө хооллох ёстой. Кинотеатр, музей, үзэсгэлэнгийн танхимын 50 хувийг л ашиглана. Өөрөөр хэлбэл, нэг хүнд дөрвөн ам метрээс багагүй талбай ногдохоор тооцож, үйлчлүүлэгчийн тоог тогтоох шаардлагатай юм байна. Зоогийн газруудын тухайд ширээ хоорондын зай хоёр метр байх шаардлага тавьжээ. Аж ахуйн нэгжүүдэд тухайн салбарынх нь холбогдох төрийн байгууллагаас хяналт тавих аж. Жишээ нь, фитнес, бялдаржуулах төв зэрэгт Биеийн тамир, спортын улсын хорооноос хяналт тавина. Кинотеатр, музей зэргийг Соёл урлагийн газраас хянах гэнэ. Тэдгээр байгууллага салбарын аж ахуйн нэгжүүдээ сайн хянаж байгаа, эсэхийг мэргэжлийн хяналтынхан шалгах нь. Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй газруудад эхлээд зөвлөмж, дараа нь албан шаардлага хүргүүлнэ. Тэгээд ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах болжээ.