Монгол Улс БНХАУ-аас коронавирусийн халдварт цар тахлын эсрэг 300 мянган тунг буюу 150 мянган хүнд хийх вакциныг өчигдөр хүлээн авлаа. Тус вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.
Шадар сайд С.Амарсайхан "БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглээд хятадын талаас олгож буй вакцин нь цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Синофармын энэ вакциныг одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж буй.