Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Дэлхий дахинаа 92 улсад нийт 205 сая хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа бөгөөд өдөрт дунджаар 6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Одоогийн байдлаар АНУ, Израйль, Их Британи улс коронавирусийн эсрэг дархлаажуулатыг хамгийн амжилттай хийж байгаа. Үүний үр дүнд АНУ-д тахалт тархалт буурч байгаа бол Израйль, Их Британид өвчлөлийн тоо огцом буурч байна.
Ямар нэгэн вакцин, биобэлдмэл хийлгэсний дараа ерөнхий биеийн болон хэсэг газрын урвал хүндрэлийг өгч болно. Вакцин хийлгэсний дараа хэсэг улайх, хавдах, хөндүүрлэх гэх мэтийг хэсэг газрын урвал гэдэг бол халуурах, ядрах, толгой эргэх, дотор муухайрахыг ерөнхий биеийн урвал гэдэг. Ийм хүндрэл хүн бүрд гарахгүй бөгөөд 2-3 хоногийн дараа арилна. Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт зайлшгүй орно. Ингээд харшлах заалтууд буюу тухайн үед халуурч байгаа, бие дээр нь харшлын тууралт гарсан гэх мэт тохиолдолд вакцин хийлгэх өдрөө хойшлуулж болно. Мөн вакцин хийлгэхийн өмнө архи уух, тамхи татах, ямар нэгэн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж болохгүй. Дулаан хувцаслах хэрэгтэй. Бүх вакциныг хийлгэх хооронд 28-наас дээш хоног байх ёстой учраас нэг сарын дотор өөр вакцин хийлгэсэн байж болохгүй" гэлээ.