Ноос, ноолуурын томоохон компанид есөн жил ажилласан Г.Ганцэцэг цар тахлын нөлөөгөөр үйлдвэрийнх нь ашиг буурч, үйл ажиллагаа нь доголдсоны улмаас цомхотголд өртөн, ажилгүй болжээ. Тэрбээр “Ажлаасаа гараад дөрөв, захиалгын ном хүргэдэг болоод нэг сар гаруй болж байна. Боодолтой, жижиг ачааг 3000-5000 төгрөгийн хөлсөөр түгээдэг. Орлого тогтмол биш, цагийн ажлын маягтай учраас өөрийн хийж дадсан сүлжигчээ хийвэл хамаагүй илүү юм. Гэхдээ олон улсын аялал жуулчлал сэргэхэд багагүй хугацаа зарцуулж, гол худалдан авагчид нь гадаадынхан байдаг ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар мөддөө бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй гэсэн учраас өөр ажил хайж, өөр чадвар эзэмших хэрэгтэй болох нь” гэв.
Олон улсын хөрөнгө оруулалттай, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг компанид захиалга хүлээн авагч, хэрэглэгчийн зөвлөхөөр таван ажил ажилласан О.Мөнхсүх компани нь цахим систем нэвтрүүлж, үйлчлүүлэгчидтэйгээ онлайнаар харилцан, хүргэлтийн компаниар бараагаа түгээдэг болсноор ажилгүй болжээ. Тэрбээр “Манай компани 25 хүнтэй, ажилчдадаа боломжийн цалин өгдөг байсан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн, хүний нөөцийн бодлогоо өөрчилснөөр дөрвөн хүн цомхотгосон нь ажилчдын бараг тавны нэг хувь гэсэн үг. Бидний хийдэг ажлыг компьютер хийх юм гэсэн” хэмээн ярив. Энэ бол наад захын жишээ. Хөл хорио тогтоосон жил гаруйн хугацаанд манай улсад бүртгэлтэй 800 000 орчим ажлын байрнаас 68 000 нь “алга болсон” гэсэн судалгаа бийг Сангийн сайд дурдав. Эл “алга болсон” ажлын дийлэнхэд худалдаа, үйлчилгээ болон хөнгөн үйлдвэрийн салбарынхан хамрагдсан гэсэн албан бус тооцоо байгаа гэсэн. Эдийн засаг мөд сэргэхгүй, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөхгүй энэ байдлаар байвал ирэх гуравдугаар улирал гэхэд нэмээд 150 000 ажлын байр үгүй болох магадлалтай юм байна. Хэрэв 210 000 орчим хүн бүрмөсөн ажилгүй болбол дөрвөн ажлын байр тутмын нэг нь танагдах нь. Эдийн засаг сэргэн, компаниудын үйл ажиллагаа жигдэрсэн ч аж ахуйн нэгжүүд технологийн хөгжлийг илүүтэй нэвтрүүлж, ажилчдаа зайнаас, богино цагаар, бага цалинтай ажиллуулах бодлого баримтлах төлөвтэй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт гарч, ажилгүйдэл өсөн, иргэдийн цалин буурсаар байх магадлалтай энэ үед ямар мэргэжил, чадвар эзэмшин, нэмж юу сурвал ажилтай, орлоготой байх талаар зарим мэдээллийг сонирхуулъя.
БШУЯ-наас 2019 онд гаргасан судалгаагаар манай улсад бүх төрлийн инженер, ялангуяа мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд ирэх 20 жил эрэлттэй хэвээр байхыг дурджээ. Багш, хүн болон мал, амьтны эмч, сувилагч, асрагч, сэтгэл судлаачдын орон тоо их хэвээр байгаа аж. Нөгөөтээгүүр, ямар нэгэн өвчний улмаас хөл хорионы нөхцөлд дэлхий нийтээр цаашид хэзээд ч шилжих магадлалтайг тооцон дата мэдээллийг боловсруулан дүгнэлт гаргагчид, зохиолчид, дүрст болон дуут контент бүтээгчид, спортын, эрүүл мэнд, амьдралын хувийн дасгалжуулагч эрэлттэй байх гэнэ. Түүнчлэн хүмүүс нэг оффис, тасалгаанд цуглан ажиллахаас зайлсхийн, өөр өөрсдийн үүргийг зайнаас гүйцэтгэх, дуу хоолой, дүрс бичлэгээр үзэл бодлоо илэрхийлэн, бараа, бүтээгдэхүүн борлуулах чадвар эзэмших шаардлагатай аж.
…Одоогоор дэлхий нийтэд 200 гаруй сая хүн зайнаас ажиллаж буй гэв. Цаашид эл тоо өсөх магадлалтай бөгөөд хүмүүс өөрөө өөртөө ажлын байр үүсгэх хэлбэр илүүтэй давамгайлна гэдэгтэй санал нийлж буй…
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дэлхий дахинд 80 сая хүн ажилгүй болсныг Finan¬cialworldwide.com сайтад дурджээ. Үүнд үйлчилгээ, бүх төрлийн урлаг, спорт, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарынхан түлхүү багтсан бол хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн ажлын байранд өөрчлөлт гараагүй юм байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн нийт бүтээмжийн 30 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг хөдөө аж ахуйн салбарын ашиг 2020 онд өнгөрсөн жилийнхээсээ 25-30 хувиар өссөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Цаашид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, импортыг орлох хүнс үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрыг өсгөн, улмаар мах, улаан буудай, төмс, тосны ургамлын экспортыг дэмжин, борлуулалтын байнгын суваг бий болгоход анхаарч буйгаа
салбарын яам онцолсон. Тиймээс хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчид, малчид, фермерүүд, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой иргэдийн орлого, ашиг буурахгүй байх боломж байна.
Одоогоор дэлхий нийтэд 200 гаруй сая хүн зайнаас ажиллаж буй гэв. Цаашид эл тоо өсөх магадлалтай бөгөөд хүмүүс өөрөө өөртөө ажлын байр үүсгэх хэлбэр илүүтэй давамгайлна гэдэгтэй санал нийлж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас илэрхийлэв. Гэхдээ манайд аль салбарынхан ажилгүйдэлд олноороо өртсөн болон хөдөлмөрийн зах зээлд ямар шилжилт, хөдөлгөөн ажиглагдаж буй талаарх нарийвчилсан дүгнэлт алга, сүүлийн нэг жилд ажиллах хүч 63 800-гаар буурсан гэлээ.
Өөрөө өөртөө ажлын байр үүсгэн, мэддэг, чаддаг зүйлсээ цахимаар болон ганцаарчлан заахыг сонирхогчдын тоо өсөн, ялангуяа чадварлаг тогооч, хоолзүйч, хувийн дасгалжуулагч, стилист, гар урлаач, гадаад хэлний багш нарын эрэлт ихсэх төлөвтэйг олон улсын болон дотоодын эх сурвалжууд дурдсаар байна. Мөн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хувь хүн, гэрийн эзэгтэй нар, айл өрхүүд, блогерууд сурталчлах нь түгээмэл болж, цахим хэвлэлийн эх бэлтгэх, цөөн тооны хүмүүст урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг үйлчилгээ идэвхжихийг хөдөлмөрийн эдийн засагчид тэмдэглэж буй. Ийм ажлуудыг хийхийн тулд харилцаа, холбооны зориулалттай бүх төрлийн техник, технологийн дэвшлийг цаг алдалгүй ашиглаж сурах, код бичих, мэдээлэл боловсруулах, дүрс бичлэгийн төхөөрөмжүүдтэй ажиллах чадвартай байх шаардлагатай юм. Виртуал орчинд иргэд, багууд зохион байгуулалтад орж, оффист ажиллахаас дутуугүй үр дүнтэй байхад ажлын явцыг нь сонсох, онлайн хурлууд товлохоос гадна хоорондоо сонин сайхнаа хуваалцах чөлөөт уулзалтууд хийн, хүмүүсийг нэгтгэн, идэвхжүүлэх чадвартай удирдлагын баг ч хэрэгтэй юм байна. Мэдээж улс орнуудын үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, тээвэр зэрэг үндсэн салбарыг авч явдаг олонх ажлын байр устан алга болохгүй. Харин зарим салбарт дээр дурдсан өөрчлөлтүүд гарч, хувь хүн илүү олон чадвар эзэмших хэрэгтэй болох нь.