УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг энэ сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэлээ.
Бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай гэдгийг Улаан-Үд дэх ерөнхий консулын газраас мэдээллээ. Гадаадаас ирэх иргэдийн хувьд дараах байдлаар төлбөрөө тушаах ёстой аж. Үүнд:
- Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,
- Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15000 төгрөг,
- Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.
Эх орондоо буцаж буй иргэд нь 10 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлах хугацаа дуусгавар болсны дараа 4 хоног гэрийн ажиглалтад шилжинэ.
Гэрийн ажиглалтад байх хугацаандаа CLIX GPS гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгаж, бүртгүүлэн тус системээр дамжуулан Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах ажлыг хийх юм байна.