Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ээс 3-4 ам бүлтэй айл өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээг бүрэн хангах “Хүнсний багц”-ыг тодорхой шалгуурт тэнцсэн айл өрхүүдэд олгож буй. Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв өчигдөр МУЗН-ийн дээрх үйл ажиллагааг дэмжиж, хатуу хөл хорионоос үүдэн орлогогүй болсон, хоол хүнсний хомсдолд орсон айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсэд нэгдэн, 10 сая төгрөг хандивлалаа. Наро Банчэн гэгээн “Хүнс тэжээлийн хомсдолд орсон айл өрхүүдэд “Хүнсний багц” тусламж үзүүлж байгаа МУЗН-ийн сайн үйлсийг харж, сонсож баярладаг байлаа. Өнөөдөр энэ сайн үйлийг буяныг даган баясахаар ирлээ” гэв. Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг “Таны хандив тусламжийг “Хүнсний багц” болгон хүнс тэжээлийн хомсдолд орсон 200 айл өрхөд гардуулсныхаа дараа танд тайлан мэдээгээ танилцуулна” гэсэн байна. Наро Банчэн гэгээн өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлж байснаас гадна “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэтэй “Автоклав” ариутгалын аппаратыг хандивлаж байжээ. Ер нь Наро Банчэн гэгээн сайн үйлсийн цөөнгүй аянд нэгдэж, байгаагаа хуваалцаж иржээ.