Сэлэнгэ аймагт цар тахал дэгдсэний улмаас Орос, Монголын хилийн Алтанбулаг боомтыг энэ оны эхэнд түр хугацаагаар хаасан билээ. Саяхнаас тус боомтыг тодорхой хуваарийн дагуу ажиллуулж, ариултгал халдваргүйжүүлэлт хийж зарим шаардлагатай барааг татаж байсан. Тэгвэл Засгийн газар хуралдаж хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэхээр боллоо. Ингэхдээ хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.