Архангай аймагт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд голчлон гардаг байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроо хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг багагүй хувийг эзэлдэг гэнэ. Архангай аймгийн нийт газар нутгийн 19 хувийг ой мод эзэлдэг учраас бусад аймгуудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг их гардаг. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 онд хууль бусаар мод бэлтгэсэн долоо, 2019 онд таван хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай иргэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэжээ. Харин 2020 онд энэ тоо огцом өсөж, хууль бусаар мод бэлтгэсэн 27 хэрэг гарчээ. 2021 оны нэгдүгээр сарын байдлаар Сум дундын эрүүгийн хэргийн шүүх модны хулгайн долоон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. 2020 онд Цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, Экологийн цагдаагийн алба байгуулан, нэгжүүдэд дагнасан мөрдөгч ажиллаж эхэлсэнээр дээрх төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өссөн аж. Ер нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн тоо жил ирэх тусам өссөөр байгааг тус аймгийн прокурор онцолжээ.