Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй. Энэ онд мэдүүлгээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан байснаас хуулийн хугацаанд бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргаад байна. Коронавируст халдвар "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдүүлгийг шинэчлэн гаргах үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан нь үр дүнтэй болов. Нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буй нь хариуцлага, ёс зүй нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Хуульд заасны дагуу албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг 2 дугаар улиралд багтаан нийтэд ил тод байдлаар http://xacxom.iaac.mn/ цахим хуудсанд байршуулна.