- Сангийн дэд захирал Н.Алтанзагас өрөөндөө архидалт зохион байгуулжээ -
Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах санг нэгтгэн, үйл ажиллагааг нь өргөтгөж, Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС) болгон ажиллуулсаар жил болж байна. Үүнийгээ дагаад тус санг хоёр дэд захиралтай байхаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл ХААДС-гийн дэд захирлууд болох Н.Алтанзагас, М.Цэрэндорж нар, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Амартүвшин, Хоролбат тэргүүтэй албан тушаалтнуудтайгаа нийлж өнгөрсөн даваа гарагт ажлын байрандаа архиджээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага өнгөрсөн даваа гаргийн 20.00 цагийн үед ирсэн гэнэ. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид Хан-Уул дүүргийн III хорооны нутагт оршдог дээрх сангийн байранд очиход бүх алба хаагч нь маш хурдан тарж явцгаасан байжээ. Тиймээс мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дээрх албан тушаалтнуудыг өчигдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс дуудаж, мэдүүлэг тайлбар авч эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж хомс. Ямартай ч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч нэр бүхий албан тушаалтнуудыг дуудаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Баттай эх сурвалжуудын мэдээлснээр, ХААДС-гийн дэд захирал Н.Алтанзагасын өрөөнд дээрх хүмүүс нийлж архидан, улмаар хэрүүл маргаандаа тулж, нударга зөрүүлэх үед нэг ажилтан нь цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Чухам юунаас болж хэрүүл, зодоондоо тулсан нь одоогоор тодорхойгүй ч дотоод зөрчлөөсөө болсон байх магадлалтай гэнэ.
Харьяалах агентлагийнх нь албан тушаалтнууд ажлын байрандаа архидаж зодолдсонтой холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд тушаал гаргаж нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх болжээ. Тэрбээр ХААДС-гийн захирал Н.Төмөрхүүг хамгийн түрүүнд чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгч томилж буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн ажлын байрандаа архи уусан алба хаагчдыг чөлөөлөх, албан тушаал бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах болсон аж. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс ажлын байранд архидан согтуурах, тамхи татвал ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хурлаас гаргасан. Ажлын байрандаа архидсан ХААДС-гийн дэд захирлууд, бусад албан тушаалтныг эл шийдвэрт үндэслэн чөлөөлөх юм байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа