Монгол Улсын Дээд шүүх 2020 онд хянан хэлэлцсэн хэргийн тоон мэдээллээ гаргажээ. Тус шүүх өнгөрсөн онд эрүүгийн нийт 1217 хэрэг хүлээн авч, Эрүүгийн хэргийн танхим шүүх хуралдаанаар эрүүгийн 671, цагаатгалын 14 хэргийг хянан шийдвэрлэж, 313 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, Ерөнхий шүүгчид гаргасан 149 гомдлыг Ерөнхий шүүгч хянаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 57 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 12 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 178 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 685 хэргийн 48.5 хувь буюу 332 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.2 хувь буюу 152 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.3 хувь буюу 201 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 201 хэргийн 41.3 хувь буюу 83 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 26.4 хувь буюу 53 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 17.9 хувь буюу 36 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 14.4 хувь буюу 29 хэргийг хэрэгсэхгүй болгож (үүнээс 5.6 хувь буюу 12 нь цагаатгалын хэрэг) шийдвэрлэжээ.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 82.8 хувь буюу 567 нь ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.2 хувь буюу 8 нь иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 13.4 хувь буюу 92 нь улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.6 хувь буюу 18 нь прокурорын дүгнэлтээр хэлэлцэгдсэн байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 685 хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 95, залилах гэмт хэрэг 70, хүчиндэх гэмт хэрэг 65, хүнийг алах гэмт хэрэг 63, хулгайлах гэмт хэрэг 57, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 55, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 38, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 29, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 20, дээрэмдэх гэмт хэрэг 19, мал хулгайлах гэмт хэрэг 17, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 17, хөрөнгө завших гэмт хэрэг 16, хахууль авах гэмт хэрэг 9, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 7, хахууль өгөх гэмт хэрэг 7, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 6, хүн худалдаалах гэмт хэрэг 4, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 3, бусад төрлийн гэмт хэрэг 88 байгаа аж.
Анхаарал татсан зарим гэмт хэргийг төрлөөр авч үзвэл
Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргээс авлига, албан тушаалын гэмт хэргийг онцлон авч үзвэл 2020 онд анхан шатны шүүхээр авлига, албан тушаалын 116 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулвал 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 181 гэмт хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 6.5 хувиар өсчээ.
Хяналтын шатны шүүх 2020 онд 1217 хэрэг хүлээн авсны 4.5 хувь буюу 55 нь авлига, албан тушаалын, 3.9 хувь буюу 47 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн 30.2 хувь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 16 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагджээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 685 хэргийн 5.1 хувь буюу 35 нь авлига, албан тушаалын, 4.2 хувь буюу 29 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн авлига, албан тушаалын хэргийг төрлөөр авч үзвэл:
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 17 буюу 48.6 хувь,
- Хахууль авах гэмт хэрэг 9 буюу 25.7 хувь,
- Хахууль өгөх гэмт хэрэг 7 буюу 20 хувь,
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 2 буюу 5.7 хувь байна.
Хяналтын шатны шүүхээр 2020 онд хянан шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг өмнөх онтой харьцуулбал 17 хэргээр буюу 94.5 хувь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 8 хэргээр буюу 38.1 хувиар тус тус өсчээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 9 хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 9 хэргийн 88.9 хувь буюу 8 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 11.1 хувь буюу 1 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хүчингүй болгосон байна. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 246-аар буюу 25.3 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 11-ээр буюу 1.6 хувиар өсчээ.