Экологийн асуудал хурцаар тавигдсан өнөө цагт хамгийн хүндтэй, хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол байгаль хамгаалагчид. Тэр хэрээрээ ажлын ачаалал их, үүрэг хариуцлага нь ч өндөр. Гэлээ ч тэд ажилдаа ялархан хойш сууж, асуудал тоочин гомдоллож, олны өмнө тэр бүр ил гардаггүй учир нийгэмд арын албаныхан мэт үнэлэгддэг гэхэд хилсдэхгүй. Харин Г.Эрдэнэцолмон хэмээх энэ залуу байгаль хамгаалагчдын ажлын онцлог, зовлон, жаргалыг олон нийтэд ойлгуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх чин хүсэлтэй. Ой судлаачаас эхлээд зөгийн аж ахуйг сэргээн нутагшуулах, ой болон бэлчээрийн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, байгаль хамгаалалд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газрын сүлжээг бэхжүүлэх, нөхөрлөлүүд байгуулах, чадавхжуулах чиглэлээр НҮБ, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Дэлхийн зөн, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, ШУТИС зэрэг байгууллагад ажилласан тэрбээр “Байгаль орчны салбарт хэрэгтэй шийдлүүдийг хөрсөн дээр буулгаж, загвар болгон хэрэгжүүлэхийг зорьж ирсэн минь байгаль хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгэж байснаас ялгаагүй” хэмээн онцолсон юм. Идэвхтэн байгаль хамгаалагчтай ярилцсанаа хүргэе.
-Байгаль хамгаалагчдын үнэлэмж, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг нийгэмд таниулах, дээшлүүлэх, тэдний цалин хангамжийг нэмэгдүүлэх талаар та сүүлийн үед нэлээд “чанга” дуугарч байна. Цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрсэн, төсөв, зардлаа танах бодлого баримталж буй цаг үед ийм санал, санаачилга гаргасан нь
хэр оновчтой бол?
-Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж буй энэ хүнд цаг үед төсвийн зардал өндөр байгаа нь ойлгомжтой. Гэхдээ байгаль хамгаалагчдын цалинг багахан хувиар ч болтугай нэмэх боломжтой гэж харж байна. Учир нь тэд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс жил бүр багадаа 60 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Байгаль хамгаалагчдын цалин, хангамж нэмэгдэхийн хэрээр байгалиа хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын чанар, гүйцэтгэл ч сайжрах ач холбогдолтой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистем сүүлийн 40 жилийн дотор мэдэгдэхүйц доройтож, үүнээс үүдэлтэй олон сөрөг нөлөө бидэнд мэдрэгдэх болсон. Тиймээс байгаль хамгааллын асуудалд онцгой анхаарах, тэр дундаа төрийн өмнөөс ачааны хүндийг үүрч, “гардан тулаанд” ордог байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Цаашлаад байгаль хамгаалагчийн тэтгэврийн насыг наашлуулж, цэрэг, цагдаа, малчдынхтай адил болгох, сайн дураараа тэтгэвэрт гарах зохицуулалт хийх, бие хамгаалах хэрэгсэл, унаа тэргээр хангах, амь насны даатгалд хамруулах зэрэг ажил хийх хэрэгтэй. Ингэснээр залуус байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолтой болно. Хамгийн чухал нь байгаль хамгаалал сайжирна.
-Байгаль хамгаалагчид өдгөө хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?
-Төрийн захиргааны албан хаагчдын цалинг албан тушаалаас нь хамаараад 1-15 (ТЗ-1, ТЗ-2, ТЗ-3, …ТЗ-15 гэх мэт) хүртэлх зэрэглэлээр үнэлдэг. Энэ шатлалаар бол байгаль хамгаалагчид өдгөө ТЗ-2 буюу 450-500 мянган төгрөгийн цалинг гар дээрээ авч байна. Тодруулбал, манай улсын цалингийн дунджаас хоёр дахин багыг авдаг гэсэн үг. Гэтэл тэдний зарим нь жилийн 365 хоногийн 100 гаруйг нь хөдөө хээр өнгөрүүлж, хүйтэнд хөрч, халуунд халан, үүргээ гүйцэтгэж байна. Үүнээс болоод цусны даралт ихсэх, бөөр, нуруу, үе мөчний өвчинтэй болох, ходоодны хавдар тусах нь элбэг. Тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барах тохиолдол ч бишгүй. Тиймээс байгаль хамгаалагчдын одоогийн цалингийн шатлалыг нь гурван түвшин ахиулж, ТЗ-5 болгох санал дэвшүүлсэн. Ингэснээр тэд 730 000 мянган төгрөгийн цалин авдаг болно. Үүнийг шийдэхэд ихдээ гурван тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.
-Жил болгон нэг байгаль хамгаалагчийг урамшуулж, ажлыг нь нийгэмд сурталчлан таниулах ажлыг олон нийтийн ханди-
ваар зохион байгуулах санаачилга та дэвшүүлсэн. Үүнийг иргэд дэмжиж байна уу?
-Байгаль хамгаалагчид хог цэвэрлэх, түймэр унтраах, ойжуулах, ойрын болон урт хугацааны эргүүлд гарах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг ажил хийхээс гадна цэвэрлэгч, цагдаа, гал сөнөөгч, ухуулагч, судлаачийн үүрэг гүйцэтгэдэг. Жилийн багагүй хугацаанд хээрээр гэр хийж амьдардаг. Тэр болгоноо өөрсдөө ярьдаггүй, олон нийт ч үүнийг нь анзаардаггүй учраас хамгийн бага цалин, хангамж авч байна. Улсын шилдэг байгаль хамгаалагчийг жил бүр шалгаруулж, Т.Лхагвасүмбэрэлийн нэрэмжит шагнал олгох, ажил үйлсийг нь олон нийтэд сурталчлах, бүтэн жилийнх нь цалинтай дүйх хэмжээний мөнгөөр урамшуулах санаачилга гаргаад байна. Салбарын маш олон хүн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. Одоогоор албан ёсны хандивын данс үүсгэж, журам батлаагүй ч сайн дурын ажлын хэсэг байгуулах гэж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах байгууллага, хүмүүст бид хэзээд нээлттэй гэдгийг ташрамд хэлье.
-Шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшний хүмүүс, тухайлбал, БОАЖЯ-нд энэ асуудлаар хандсан уу. Ямархуу байр суурь, хандлага ажиглагдав?
-Ерөнхий сайдын өглөөний уулзалтын хуваарьт байгаль хамгаалагчдыг оруулж, санал бодлыг нь сонсох, ажлыг нь хэрхэн сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх талаар хэдхэн хоногийн өмнө албан бус санал тавьсан боловч одоогоор хариу өгөөгүй л байна. Бид бие даасан ямар нэг төрийн бус байгууллагад харьяалагддаггүй, нэгдсэн бүтэц, зохион байгуулалтад орж амжаагүй учраас тэр хэмжээнд тоогдохгүй л болов уу. Гэхдээ олуулаа нийлээд дуугардаг болоосой, байгаль хамгаалагчдын ажлыг олон нийт ойлгоосой, тулгамдсан бэрхшээлүүдийн зарим нь ч болов шийдэгдээсэй гэж ямагт хүсдэг. Шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөр болон “Алсын хараа-2050”-д “Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална” гэж тусгасан. Тиймээс саяхан ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд, БОАЖ-ын сайд болон төр, засаг байгаль хамгаалахад үр дүнтэй, олон ажил хийх болов уу гэсэн итгэл, хүлээлт манай салбарынханд бий.
-Яг одоо манай улс хэчнээн байгаль хамгаалагчтай вэ. Энэ нь газар нутаг, хүн амын тоотой харьцуулбал олон улсын жишигт хэр ойрхон үзүүлэлт бол?
-2016 оны байдлаар 669 байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэж байсан бол (“Зэлүүд тал-2” тайланд дурдсанаар) одоо энэ тоо бага зэрэг өссөн болов уу. Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ өндөр уулын бүсэд 100, ойт хээрт 120, тал хээрт 500, цөлөрхөг хээрт 600, цөлд 800 мянга хүртэл га байна гэж холбогдох хуульд тусгасан. Өнөөдөр нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалж буй талбай үүнээс хэд дахин том, аюул эрсдэл дунд үүргээ гүйцэтгэж байгаа ч улсынхаа нийт газар нутгийн 70-80 хувьд бүрэн хүрч ажиллах боломж бүрдсэн. Хамгийн чухал нь бид байгаль хамгаалагчийнхаа тоог нэмэхээс илүү тэднийг чадавхжуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн смарт гэх мэт хяналт, шалгалт, судалгааны аргачлалуудыг нэвтрүүлэх, ажлыг нь чанартай гүйцэтгүүлэх, эрсдэлийг бууруулах, цалин, хангамжийг сайжруулахад анхаарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм. Манай улс боловсон хүчнийхээ чадварыг дээшлүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг орхигдуулаад байх шиг санагддаг.
-“Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор туулах чадвар сайтай төдөн машин, мотоцикл өглөө” гэсэн мэдээ байнга дуулддаг. Үүнд шаардлагатай зардлыг олон улсын байгууллагуудын хандив, тусламжаар шийдэх нь элбэг. Энэ хэр оновчтой, нүдээ олсон арга хэмжээ вэ?
-Би олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг харин ч дэмждэг. Тэднээр маш их бахархдаг. Учир нь төрийн хэрэгжүүлэх олон чиг үүрэг, тэр дотроо чадавхжуулах, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах талаар маш үр дүнтэй олон ажлыг тэдгээр байгууллагын оролцоотой хэрэгжүүлсээр өдий хүрсэн.
2012 онд баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Ингэснээр ойн нөөц ашигласны орлогын 85, газрын 30, ан амьтны 50, байгалийн ургамлын 15, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн таваас доошгүй хувийг байгаль орчныг хамгаалах, нөөцийг нь нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар болсон юм. Үүний тодорхой хувийг байгаль хамгаалагчдын цалин, хангамж, тусгай хэрэгслийг сайжруулахад зарцуулах замаар тулгамдсан асуудлыг нь шийдэх боломжтой гэсэн шийдэл, арга зам бийг ярилцлагынхаа төгсгөлд онцолъё.