Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсээс 2021 оны гуравдугаар сараас 2021 оны тавдугаар сарын уур амьсгалын урьдчилсан төлөвийг тооцоолсноо танилцууллаа. Ирэх гуравдугаар сард Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -14-өөс -20 градус, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +2-оос -4 грудас байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн “зурхайд” буужээ. Гуравдугаар сард бусад нутгаар -5-аас -12 градус хүйтэн байх нь. Дөрөвдүгээр сард Баян-Өлгий, Увс, Завхан, Архангайн зүүн хэсэг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -4-өөс -10 градус хүйтэн байх бол Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8-аас +12 градус дулаан, бусад нутгаар +6-гаас -2 градус хүйтэн байх төлөв гарчээ. Харин тавдугаар сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр +5-аас +10, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар +15-аас +19, бусад нутгаар +10-аас +15 градус дулаан байна. Хур тунадасны хувьд гуравдугаар сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 5–6 мм, бусад нутгаар 2–5 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй. Дөрөвдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 6–8 мм, бусад нутгаар 2–4 мм, тавдугаар сард Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21-30 мм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хүртэл хур тунадас орно. Агаарын дундаж температур хугацааны эхээр говийн нутгаар, дунд үеэр говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хугацааны сүүлчээр Алтайн нуруугаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд гуравдугаар сард Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас бага, говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу, дөрөвдүгээр сард Алтайн уулс болон говийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Түүнчлэн хаврын эхэн үеэр буюу гуравдугаар сард говь талын нутгаар, дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуурга олон жилийн дунджаас ихтэй байж болзошгүй байгаа тул малчид, ард иргэд салхи шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.