Цаг уур, орчны шинжилгээний газрын Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулууд голуудын мөсөнд ажиглалт хэмжилт хийжээ. Ингэхэд Тэрэлж гол битүү мөсөн бүрхүүл, тошинтой мөсний дундаж зузаан өнгөрсөн арав хоногт 4 см нэмэгдсэн байна. Хэрлэн гол битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан өөрчлөлтгүй гарчээ. Мөн Туул гол Зайсан орчим, Улиастай, Сэлбэ голууд ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан өөрчлөлтгүй. 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад мөсний зузаан Хэрлэн гол 18 см, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчим 11 см-ээр нимгэн, харин Туул гол зайсан орчим 56 см , Тэрэлж гол 12 см, Сэлбэ гол Санзай тосгон орчим 38 см-ээр ахиу, Улиастай гол өөрчлөлтгүй байна. Хэдийгээр ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, мөсний нягт багассан байна. Өөрөөр хэлбэл, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй аж. Тиймээс иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулав.