Хоёрдугаар сарын 14-нд улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн 1206 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг цагдаагийнхан шалгаж байна. Тухайлбал, Ховд аймгийн Дуут сумд 17 настай залуу шатаж, амиа алдсан гэх хэрэг бүртгэгджээ. Тус аймгийн Цагдаагийн газрынхан хохирогчийг өөрийгөө шатаасан байж болзошгүй хэмээн үзэж байна. Дуут сумын Босго баг Хөндлөнгийн ам гэх газарт эрэгтэй хүн өөрийгөө шатаасан гэх дээрх хэрэг энэ сарын 14-ний 01.10 цаг орчим гарсан аж. Амиа хорлосон гэх иргэн хоёр хоногийн өмнө эзэнгүй айлын тооноор орж, хулгай хийх гэж байгаад эзэнд нь баригдаад зугтсан гэх мэдээлэл байна.