Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн нутагт өчигдөр 04.09 цагт газар дөрвөн магнитудын хүчтэй хөдөллөө. Газар хөдлөлтийн төв нь “Петрочайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаа явуулдаг, газрын тосны “Тамсаг- XXI” талбайд байсан бөгөөд чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм. Тэгвэл ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс манай орны зүүн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэх болсны жишээ нь энэ гэдгийг онцоллоо. Тус хүрээлэнгийн газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Монгол орны баруун бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэйд тооцогддог. Харин зүүн бүс нь идэвхжил султайд тооцогддог байв. Гэтэл 2019 оноос хойш зүүн бүсэд идэвхжил нэмэгдлээ. Тухайлбал, 2020 он гарснаас хойш чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн газар хөдлөлт тус бүсэд 30 удаа бүртгэгдсэн. Тэр дундаа өнгөрсөн оны долдугаар сарын 4-нд газар тав орчим магнитудын хүчтэй хөдөлсөн нь анхаарал татаж байна. Ийнхүү идэвхжил нэмэгдсэн нь газрын тосны олборлолттой холбоотой байж магадгүй гэж судлаачид таамаглаж, орон нутгийн удирдлага, тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудад мэдэгдсэн. Гэхдээ энэ бол таамаглал. Үнэхээр олборлолтоос шалтгаалсан уу, эсвэл байгалийн жирийн үзэгдэл үү гэдгийг нарийвчилсан судалгааны үндсэн дээр тогтоох ёстой. Эл судалгааг ойрын үед эхлүүлж, нөхцөл байдлыг тодруулна” гэв.
Ташрамд дурдахад, Хөвсгөл аймгийн Ханх сумд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд газар хүчтэй хөдөлснөөс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн. Гэсэн ч газар давтан хөдөлсөөр байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 1000 орчим чичирхийлэл бүртгэгдсэн гэнэ. Тэдгээрээс 300 гаруй нь иргэдэд мэдрэгдэм хүчтэй байсан аж. Газар хүчтэй хөдөлсний дараа давтан чичирхийлэх үйл явц ажиглагддаг бөгөөд Ханхад эл үзэгдэл нэг сар гаруй үргэлжлэх магадлалтай гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өмнө нь мэдээлж байв.
Бэлтгэсэн: М.Оч