Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэнд, эдийн засгийг нэгдүгээрт тавих гэх хоёр чиглэлээр тэмцэж буй. Монгол Улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Хэрэв эдийн засгийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл улс орны эдийн засаг ихээхэн цохилт авч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Засгийн газар хоёрдугаар сарын 10-нд 10 их наядын ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно. Мөнгөний нийлүүлэлтийн тухайд мөнгө хэвлэж, халамжид тараана хэмээн иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл цацсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон. Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болсон. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сэргээх юм. Бэлэн мөнгө хэвлэн тараахгүй. Банкуудад байгаа нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр эдийн засагт оруулах юм" хэмээн тайлбар хийлээ.