"Ковид-19"-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Тэрбээр “14 хоногийн хугацаанд эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг бэлтгэж дууслаа. Энэ төлөвлөгөө хүн бүхэнд таалагдахгүй. Төлөвлөгөөний зонхилох хэсэг нь ажлын байрыг хамгаалах, олноор бий болгоход чиглэнэ” хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Түүнчлэн “Ажлын байрыг хамгаалах, олноор бий болгох нь энэхүү төлөвлөгөөний зонхилох хэсэг байна. Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон төслүүдээ яаран эхлүүлэх болно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх гурван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд Монголбанктай хамтран ажиллах болно" гэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулахдаа шударга ёс цахим засаглалыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн онцолсон. Үүний хүрээнд дэлхийн зах зээлд гарч буй стартаппуудыг дэмжих аж. Мөн төрийн өмчит компаниудын хэмнэлтийг дээд цэгт нь хүргэхээ ч илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр "Төр үүнийг дангаараа хийхгүй. Хувийн хэвшилтэй хамтарна. Хувийн хэвшлийг дангаар нь ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Засгийн газрын хувьд 62 төсөл гаргасан. Хувийн хэвшлүүдтэй хөл хорио суларсны дараа хэсэгчилсэн уулзалт хийнэ. Энэ тал дээр төр ямар нэгэн хүнд сурталгүйгээр нээлттэй хуулийн хүрээнд хамтарч ажиллана. Энэ чиглэлийн 100 төслийг бид зарлана. Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт улсын төсвөөс мөнгө гарахгүй бөгөөд зөвхөн зохицуулалтууд хийнэ. Ихэнх нь Монголбанкны эх үүсвэр, баялгаа зөв зохистой ашиглах менежментүүд юм. Төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлж буй. Тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цалин хангамж болон бусад асуудлаар хэмнэж болох эцсийн цэг дээр аваачна. Үүнээс гарч байгаа мөнгөн урсгалыг өөрсдийн гаргасан төлөвлөгөө рүү оруулна" гэсэн билээ.