Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Баянхонгор аймгийн төрийн захиргааны албан хаагчдад чиглэсэн авлигын эсрэг цахим сургалт зохион байгуулав. Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, албан тушаалтныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байхад дор бүрнээ анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулж хэллээ. Цахим сургалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус яриа таниулга хийж, албан тушаалтнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Авлигын эсрэг цахим сургалтад Баянхонгор аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний 46 байгууллагын дарга, удирдлага, төсөв санхүү хариуцсан 176 албан тушаалтан оролцлоо. АТГ өмнө нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн албан тушаалтнуудыг авлигын эсрэг цахим сургалтад хамруулсан.