Маргааш буюу 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэдгийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг зөвлөж байна.
2021 оны 2 дугаар сарын 09-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Маргааш баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, 12-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр, 13,14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 8,9-нд ихэнх нутгаар хүйтний эрч нилээд сулавтар байх боловч 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.