Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх хатуу хөл хорио тогтооход Улсын онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар QR код олгосон. Гэтэл иргэд QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох явдал цөөнгүй гарчээ. Прокурорын байгууллага хөл хорио тогтоосон хугацаанд QR код хуурамчаар үйлдсэн, хууль бусаар бусдад олгосон гэх гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээлэл бүртгэсэн байна. Үүнээс 47 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн аж. Харин гурван хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хоёр иргэнийг яллаглагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Эдгээр хэргүүдээс дийлэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарсан аж. Дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хуурамч QR кодтой холбоотой зургаан хэрэг, зөрчил шалгажээ. Ингээд нэг иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, бас нэг иргэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
Тухайлбал, иргэн Б-д холбогдох QR код хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны нэгдүгээр сарын 25-нд уг хэргийг хэлэлцээд, иргэн Б-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Улсын онцгой комисс 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргасан. Уг хугацаанд иргэд QR кодтойгоор хөдөлгөөнд оролцох ёстой. QR кодыг хуурамчаар үйлдэж ашигласнаар эрүүгийн хариуцлагад татагдах хуулийн заалттай юм байна. Тиймээс хат хөл хориотой үед иргэд замын хөдөлгөөнд оролцох зорилгоор аливаа тусгай зөвшөөрөл, албаны үнэмлэх зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхгүй байхыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүллээ.