-“Солонго-1”, “Солонго-2” хороолол Засгийн газрын зорилтод нийцэхгүй гэж үү-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө барилгын салбарынхантай уулзаж, энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр, хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах талаар ярилцсан билээ. Улмаар иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс ЗГХЭГ-ын даргаар удирдуулсан ажлын хэсэг ч байгуулав. Гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг орон сууцтай болгох, нийгмийн дундаж давхаргынханд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр шинэ Засгийн газар зорьж байгаа. Уг нь төрөөс түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдээ байртай болгох зорилт тавьсан ч эрэлт нь хэрэгцээгээ хангаж чадахгүй гэдэг нь тодорхой. Тэгвэл БНСУ-ын “Эксим” банкны 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц барихаар төлөвлөсөн ч өнөөдөр гацчихаад байгаа. Ерөнхий сайд та зорилтот бүлгийнхэнд чиглэсэн, өдгөө ажил нь гацаад буй, БНСУ-ын талаас мөнгө нь орж ирэхэд бэлэн байгаа “Солонго-1”, “Солонго-2” хорооллын төслийг анхааралдаа авч, хэрэгжүүлбэл олон иргэнээ орон сууцтай болгохын сацуу Засгийн газрын тань зорилтод нийцэх нь гарцаагүй биз ээ.
Улсын нийслэлийн агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэр болсон гэр хорооллыг багасгаж, айл өрхийг орон сууцтай болгох, тэр дундаа зорилтот бүлгийн, санхүүгийн чадамж багатай иргэдэд зориулан барихаар төлөвлөсөн “Солонго-1”, “Солонго-2” хорооллын төсөл сураг алдарчихаад байгаа талаар манай сонин өнгөрсөн долоо хоногийн дугаартаа анх хөндсөн билээ. Хэрэв эл төсөл амжилттай хэрэгжвэл Хан-Уул дүүргийн X хорооны нутагт барих дээрх хоёр хороолол болон Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд барих орон сууцын хотхонд зорилтот бүлгийн нийт 7007 айл түрээслээд өмчлөх хэлбэрээр өөрийн гэсэн байр, сууцтай болох ёстой юм. Тодруулбал, “Солонго-1” хороололд 2712, “Солонго-2”-т 2290, Баянголын аманд 2007 айлын сууц барихаар болсон юм. Монгол Улсад хоёр жилийн өмнө БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлахдаа эдгээр төслийг эрчимжүүлэхээр амласан юм даг. Гэвч газар нь, мөнгө нь, ТЭЗҮ нь бэлэн уг төслийг хэрэгжүүлсэнгүй, ширхэг тоосго ч тавьсангүй. Магадгүй 500 сая ам.долларын хөрөнгийг нь Солонгосын талаас царцааж болзошгүй байгаа. Ямар шалтгааны улмаас энэ төсөл гацчихаад байгаа талаар бид дахин сурвалжиллаа.
БНСУ-ЫН ГУРВАН КОНСОРЦИУМЫН НЭГЭНТЭЙ НЬ МАНАЙ УЛСТӨРЧИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ ХАМТАРДАГ
Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд манай Сангийн яам, Солонгосын “Экспорт-Импорт” (Эксим) банк хооронд “Солонго-1”, “Солонго-2” орон сууцын хороолол барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр байгуулах болсон. Уг хэлэлцээрийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сард хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох захирамж гаргасан юм. Төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. ТОСК-аас танилцуулснаар 4320 айлын орон сууцын 60 барилга, 1250 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, 780 автомашины гарааштай байхаар тооцож, 17.5 га талбайд “Солонго-1” хорооллыг барихаар төлөвлөөд буй. Харин “Солонго-2”-ыг 3.65 га-д 682 айлын 10 орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн юм билээ. Ийнхүү орон сууцын хороолол барихад зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг холбогдох газруудаас зарласан аж. Үүнд БНСУ-ын “Dong il A&E”, “SAMOO joint venture”, “Heerim & Soosung & Han-kuk JV” гэсэн аж ахуйн нэгжүүд өрсөлдөж, 15.112 сая ам.долларын үнээр “Dong il A&E”, “Heerim & Soosung Hаn-Kuk JV” нь 15.136 саяыг зарцуулахаар, “SAMOO joint ven¬ture” нь 15.849 сая “ногоон”-оор уг ажлыг хийж гүйцэтгэх санал гаргажээ. Гэтэл хамгийн өндөр үнэ санал болгосон компанийг манай Барилга, хот байгуулалтын яамныхан хууль зөрчөөд шалгаруулсан байх юм. Учир юу вэ гэхээр өндөр үнээр шалгарсан компанийн дотоодын түншлэгч нь манай нэгэн улстөрчийн хамаарал бүхий компани байгаа нь зорилтот бүлгийн иргэдэд зориулсан, түрээслээд өмчлөх хэлбэрийн “Солонго-1”, “Солонго-2” төслийг хууль журам зөрчин авчээ гэх хардлага сурвалжилгын явцад төрөв. БНСУ-ын “SAMOO joint venture” компанийн дотоодын түншлэгч “Интелест тауэр” ХХК-ийн хамаарал бүхий этгээд нь манай УИХ-ын нэг гишүүн аж. Тэр хүнээр дамжуулж сонгон шалгаруулалт, гэрээ байгуулахад нөлөөлснөөр зорилтот бүлгийн иргэдэд зориулсан, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц барих бүтээн байгуулалтын ажлыг хууль бусаар өндөр үнэтэй компанид олгосон гэдгийг салбарын учир мэдэх хүмүүс хэлэв. БНСУ-ын “Эксим” банкны талаас “SAMOO joint venture” компанитай хамтарч ажиллахаас татгалзаж буй учраас энэ төсөл гацаж болзошгүй нөхцөлд хүрсэн гэх мэдээлэл ч байна.
МОНГОЛ БОЛОН БНСУ-ЫН
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭВ ҮҮ
Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын үнийн дүнгээрээ хамгийн өндөр үнэ өгсөн “SAMOO joint venture” компани манай улстөрч, эрх бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр “Солонго-1”, “Солонго-2” төслийг хэрэгжүүлэхэд оролцохоор болж буй ч холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамны “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийн Гэрээний ерөнхий нөхцөл бүлгийн 1.9 дэх хэсэгт “Захиалагчийг төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч болон тендерт оролцогч, гэрээ хэрэгжүүлэгч зөвлөх бүр худалдан авах ажиллагаанд оролцох, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхдээ ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч болон зөвлөх нь Авлигын эсрэг, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай болон Эрүүгийн хуульд заасан авлига, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон талаар бодитой мэдээлэл байгаа бол холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад зохих ёсоор мэдэгдэнэ” гэж заасан байгаа. Мөн уг баримт бичгийн 2.6-1-т “Зөвлөх нь тендерт оролцох буюу гэрээг гүйцэтгэх явцдаа авлига, залилан мэхлэх үйлдэлд холбогдсон байж болох хангалттай үндэслэл захиалагчид байгаа тохиолдолд гэрээг цуцална” хэмээн заасан байгаа юм. Түүнчлэн УИХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 1-нд соёрхон баталсан БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус сангийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журамд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг хасахаар заажээ. Тодотговол, зөвлөх, түүний нэгдмэл сонирхолтой этгээдийг хэд хэдэн үндэслэлээр хасахаар заасны дотор авлига, хээл хахууль, залилан мэхлэх зэрэг үйлдэлтэй холбоотой нь тогтоогдвол гэрээг цуцлах үндэслэл болохоор тусгасан байна. Mөн тус компани нь дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулсан нь БНСУ-ын “Эксим” банкны Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 3.1.1-т заасан “Ашиг сонирхол болон бусдад илт давуу байдал олгосон” гэснийг зөрчиж байгаа нь цагаан дээр хараар бичсэн атал манай Барилга, хот байгуулалтын яам мэдэн будилж байна уу. Хууль, эрх зүйн ийм баримт бичгүүд байсаар атал Барилга, хот байгуулалтын яамны түшмэд, эрх бүхий албан тушаалтнуудын оролцоотойгоор “SAMOO joint venture” компанийг шалгаруулахаар болсон нь “Эксим” банкныхны шаардлагад нийцэхгүй байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Учир нь эл компанийн эрх бүхий албан тушаалтнууд БНСУ-даа авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлж байсан нь 500 сая ам.доллароо зээлдүүлэх гэж байгаа банкныхныг түгшээж буй бололтой. “SAMOO joint venture” компанийн удирдлагатай холбоотой цөөнгүй мэдээлэл тус улсын мэдээллийн цахим хуудаснуудад байгаа юм. Үүнийг манай холбогдох яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан судалсан л байлтай. Тухайлбал,
https://www.yna.co.kr/view/AKR20170203071600051, https://www.news1.kr/articles/?3029202, https://www.donga.com/news/Society/article/all/20170307/83214782/1 гэх зэрэг хэд хэдэн цахим хуудсанд дээрх компанийн эрх бүхий албан тушаалтан нь хахуулийн хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн тухай мэдээлжээ. Тухайн хэрэг нь Солонгос даяар нэлээд дуулиан шуугиан тарьсан, төрийн албан тушаалтан олон хүн холбогдсон юм байна. “Samwoo architects and engineers” компанийн захирал Сон нь БНСУ-ын парламентын гишүүн Бае Деок Кваны холбогдсон, хууль бусаар тендерт нөлөөлсөн хэргийн нэг гол холбогдогч гэдэг нь тогтоогдсон бол гүйцэтгэх захирал Жеон мөн адил үндэслэлээр нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм байна. Түүнчлэн өндөр албан тушаалтан гурван хүнийг оролцуулаад төрийн 24 албан тушаалтан 2017 онд уг авлига, албан тушаалын хэрэгт баривчлагдаж зохих ял шийтгүүлж байжээ. Үүнийг манай холбогдох яам, агентлагийнхан судалж үзвэл зүгээр сэн. Хэрэв судалж чадахгүй бол АТГ-ынхнаар дамжуулж, БНСУ-д шинээр байгуулагдсан АТГ-ынхнаас нь мэдээлэл авахад ч болохгүй гэх газаргүй. Яагаад гэхээр Монгол ч, БНСУ-ын талаас ч тендер шалгаруулахдаа авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байгаагүйг чухалчлан бичиг баримтдаа тодорхой заачихаад байгаа билээ.
Уг нь дээрх цахим хуудаснуудад байгаа мэдээллээр бол “Солонго-1”, “Солонго-2” болон Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд барих орон сууцын хотхоны төсөлд зөвлөхөөр шалгаруулаад буй компани нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбоотой бололтой. Гэтэл БНСУ-ын хөрөнгөөр Монголд хэрэгжүүлэх төсөлд оролцож, тухайн тендерийг гарцаагүй өөрсдийн гартаа хийж авна хэмээж буй нь хачирхалтай. Магадгүй манай УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаалтнууд нөлөөлөх, улстөрчийн ашиг сонирхлын зөрчил байгаа учраас тус компанийнхан ийм бардам байж болзошгүй. Манай холбогдох байгууллагынхан гадаадын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд түүнд оролцож буй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг сайтар судлах шаардлагатай мэт. Эх орондоо авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон дуулиан шуугиан тарьж байсан компанийг манай Сангийн болон Барилга, хот байгуулалтын яамныхан ямар шалгуураар сонгон шалгаруулах гэж буй нь яалт ч үгүй хардлага төрүүлж байгаа юм. Магадгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж, дахиад “хар”, “саарал” гэх жагсаалтад оруулан санхүүгийн хорих арга хэмжээ авахад хүргэх юм биш биз. Энэ бүхнийг холбогдох яам, агентлаг, хотын захиргааныхан, цаашлаад тагнуул, авлигатай тэмцэх байгууллагынхан анзаарч буй биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа