“Манайх зудаар малаа бараад баруун аймгаас Булган, Орхоны залгаа нутагт шилжин ирж, айлын үхэр маллаж, гэр бүлээрээ туслах малчнаар ажилласан юм. Нийт 30 гаруй үнээ сааж, сүүг нь үйлдвэрт өгдөг байлаа. Нэг орой аянга, дуу цахилгаантай бороо оров. Үйлдвэрийн төлөвлөгөөт сүүг тасалж болохгүй тул дуу цахилгаантай бороог үл тоон нөхөртэйгөө хамт үнээ сааж байтал хүчтэй аянгад ниргүүлсэн. Саалийн хувин төмөр учир аянга буухад нөлөөлсөн байх. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд нэлээн удаан хугацаанд булсан. Бүтэн жил эмчлүүлсний дараа бие гайгүй болсон ч байнга эмчилгээ хийлгэж байна”. Орхон аймгийн малчин эмэгтэй “Нэг удаа мал цасан шуурганд уруудаад нөхөр бид хоёр хойноос нь явсан юм. Гурван настай хүүгээ гэрт нь уяж орхиод, галаа сайн түлээд түгжээд явсан даа. Тэр шөнөдөө малаа олж чадалгүй хээр хонолоо. Хүү минь гэртээ ганцаараа үлдсэн тул санаа их зовсон. Азаар ямар нэг муу зүйл тохиолдоогүй”. Өмнөговь аймгийн малчин эмэгтэй “Богтлогдож айлын эхнэр болохоос өмнө би нөхрөө нэг л удаа харсан. Би дээд сургууль төгсөөд удаагүй, аймагтаа мэргэжлээрээ ажиллаж байсан юм. Нэг өдөр тэр намайг машинд суулгаж, хүчээр аав, ээжийнхээ гэрт аваачлаа. Яах ийхийн зуургүй шинэ хувцас өмсгөн, гэрийнхээ гал голомтод мөргүүлсэн. Удалгүй байнга зодож дарамтлах болсон”. Увс аймгийн малчин эмэгтэй Эдгээр нь малчин эмэгтэйчүүдийн ярьсан бодит жишээ юм. Манай улсын хэмжээнд 119 мянга орчим малчин эмэгтэй бий гэсэн тоо байдаг. Хүний эрхийн үндэсний комисст ирсэн гомдол, мэдээлэлд үндэслэн тус байгууллагынхан малчин эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн байдлыг тодорхойлжээ. Тус комиссын ажлын хэсгийнхэн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр 20 аймгийн 631 малчин эмэгтэйгээс асуулга авч, зарим аймаг, сумд очиж биечлэн уулзсан байна. Алслагдсан аймаг, сум, багт амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллээс ангид байх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцооны талаарх уг судалгааны тайланг энэ онд олны хүртээл болгожээ.
Халуунд халж, хүйтэнд хөрж, хэдэн малынхаа хойноос амь хайргүй зүтгэдэг малчны хөдөлмөр бэрх гэдгийг бид мэддэг. Гэхдээ малчин эмэгтэйчүүд ямар нөхцөлд амьдарч, юуг даван туулж буйг төдийлөн мэддэггүй, ойшоодоггүй. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол хуруу гараа эвэрштэл, царай зүсээ гундтал зогсолтгүй ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчин эмэгтэйчүүд. Үр хүүхдээ өсгөх, гэр орноо өөд татахаас эхлээд хэр баргийн эрчүүдийн хийж чадахгүй хүнд ажлыг ч нугалж, морь малтай “ноцолддог” билээ. Харамсалтай нь, тэдний хөдөлмөрийг хэн ч үнэлдэггүй бөгөөд хийх ёстой мэтээр хандаж ирсэн. Тэгвэл дээр дурдсан судалгааны тайлангаас харахад малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал алдагдаж, хүнд нөхцөлд орсон нь тодорхой байна. Сүүлийн жилүүдэд залуу, дунд үеийн малчдын тоо буурч, залгамж халаагүй болохын зэрэгцээ хүйсийн харьцаа ч алдагдаж эхэлжээ.
Зарим малчин хэдэн мянгаар тоологдох малтай, өвс ногооны соргогийг эзэмшин, хот, хөдөөгүй тансаг орон сууц худалдан авч, автомашиныг өнгө, загвараар нь сэлгэн унаж байхад нэг хэсэг нь хоногийн хоолны төлөө бусдын мал маллаж, боолын хөдөлмөр эрхлэх болсон. Өөрөөр хэлбэл, туслах болон хөлсний малчин гэсэн шинэ “ажлын байр” бий болоод удаж буй. Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн гурван хувь нь туслах малчин. Тэдний олонх нь ганц бие болон бэлэвсэн гэнэ. Энэ хэрээр хүчирхийлэл болон ямар нэгэн дарамт шахалтад өртөх тохиолдол нэмэгддэг аж.
Малчин эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь дээд боловсрол эзэмшээгүй гэсэн судалгааны дүгнэлтээс харахад тэднийг орчин нөхцөлтэйгөө хөл нийлүүлэн алхахад сургах, хөгжүүлэх хэрэгтэйг харуулж байна. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэж буй зургаан настнуудын 20 орчим хувь нь малчдын хүүхэд байдаг гэнэ. Гэтэл малчин ээжүүдийн олонх нь бичиг үсгийн чадваргүй учир хүүхдэдээ тусалж чадахгүй, сургуульд нь хүргэж өгөх, авахаас хэтрэхгүй байгааг Сүхбаатар аймгийн нэгэн багш ярьжээ. Хүүхдийн бага боловсролын суурийг тавихад эцэг, эхчүүд хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний мэдлэг чадвар хангалтгүй учир зааж, сургаж чадахгүй байгааг тэрбээр учирлажээ. Боловсролын түвшин тааруу ээжүүдийг аймгийнхаа Насан туршийн боловсролын төвтэй хамтран чадавхжуулах сургалтад суулгахаар болсон ч ирэх хүн бараг олдоогүй гэнэ. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг ч самбараас хуулж авч чадахгүй ээж цөөнгүй байгаа тул боловсролыг нь дээшлүүлэх талд онцгойлон анхаарах хэрэгтэйг тэрбээр дурджээ.
Бидний нэгээхэн хэсэг, 285 мянга гаруй малчны боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, сэтгэл зүйн асуудал орхигдсон нь энэ мэт олон судалгаа, баримтаас бэлхнээ харагдана харагдана. Хатуухан хэлбэл, хүний эрх, эрх чөлөөний талаар ямар ч ойлголтгүй, харанхуй бүдүүлэг хэсэг хөдөөд бий болжээ. Мал, мах л гэж ярихаас малчдын талаар дуугардаг, тэдний эрх ашгийн төлөө ажил хийдэг эрх мэдэлтнүүд, төрийн түшээд гэж нэгээхэн ч алга. Хүнээсээ илүү малдаа “хайртай”, тоолдог, торддог манай улсад малчин эмэгтэйчүүдийн амьдрал ахуй, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал нь хөсөр хаягдлаа. Хэдийгээр судалгаанд 600 гаруй эмэгтэйг хамруулсан ч тэдэнд тохиолддог асуудал, бэрхшээл бусдад нь мөн адил гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа алслагдсан аймаг, сум, багт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж тун тааруу. Яаралтай тусламж авч чадалгүй гэртээ амаржсан, тэр ч бүү хэл, амьсгал хураасан явдал цөөнгүй. Баянхонгор аймгийн нэгэн малчин эмэгтэй “Би хүүхдүүдээ ойрхон зайтай төрүүлсэн юм. Тэгээд багийн эмнэлэгтээ хандаж, жирэмслэхээс сэргийлэх ерөндөг тавиулах гэтэл эмч “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, уурлана” гээд зөвшөөрөөгүй. Нөхөртэйгөө хамт амьдарсан найман жилийн хугацаанд өөрийн болон хадмынхаа гэр орныг цэвэрлэн, малыг нь маллаж ирсэн. Сүүлдээ нөхөр маань намайг үг хэлээр доромжилж, сэтгэл санааны дарамтад оруулах болсон. Тэсэхийн аргагүй болж, бага хүүхдээ дагуулаад замын унаанд сууж Улаанбаатар хотод ирсэн” хэмээн ярьжээ. Тухайн эмчийн үйлдэл хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Харамсалтай нь, энэ мэт эмч, эмнэлгийн ажилтнуудын таагүй харилцаа, дорд үзсэн байдлаас болж олон эмэгтэй эрүүл мэндээрээ хохирох болов. Энэ бүхэн олон нийтэд ил байдаггүй учир чимээгүй өнгөрсөөр. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ч ойлголтгүй малчин эмэгтэйчүүд олон байсныг судалгааны ажлын хэсгийнхэн онцлон дүгнэжээ. Хөвсгөл аймгийн малчин эмэгтэй олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж явснаа тэдэнтэй уулзаж ярилцсаны дараа ойлгосон гэнэ. Нөхөр нь архи ууж, зодож, дарамтлан, элдвээр доромжилж, санхүүгийн хараат байдалд оруулсныг тэр бүсгүй хүчирхийлэл гэж огт бодоогүй аж. Малчин эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, хүний эрх зөрчсөн үйлдлээс ангид байлгахад санаа тавих, цаашид үр хүүхдэдээ зөв ойлголт өгөхөд нь зааж сургах дэмжлэг зайлшгүй тулгарчээ.
Ажил, амралт, улирал хамааралгүй хөдөлмөрлөдөг малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15-20 цаг ажилладаг байна. Мал төллөх үед ажил ундарна. Үүний зэрэгцээ байгалийн гамшиг, хахир хатуу цаг уурын нөхцөлөөс болж гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гардаг ажээ. Малд хазуулах, өшиглүүлэх, гар, хөлөө хөлдөөх, нарших, аянгад цохиулах, гэр орон нь салхи, шуурганд нурах, гал түймэр гээд аюулд өртөх эрсдэл малчдын дунд их. Ялангуяа хүн хүч муутай, ганц бие малчин эмэгтэйчүүд үр хүүхдээ харах хүнгүй үлдээгээд малынхаа араас явахаас өөр аргагүйд хүрдэг байна. Малаасаа дорд үзэгдсэн малчин эмэгтэйчүүдийн асуудал бидний төсөөлснөөс амаргүй байгааг энэхүү тайлангаас харж болохоор. Тэдний ирээдүйд ч баталгаа алга. Хэдэн малаа ган, зудад алдчихвал амьжиргааны эх үүсвэргүй болно. Ядаж л нийгмийн даатгал төлсөн байдал нь хангалтгүй. 2019 оны байдлаар нийт малчны 27.4 хувь нь л нийгмийн даатгалд хамрагджээ. Тэдний 45.7 хувь нь эмэгтэй. Малчдын зарим нь цалин ахиуг бодож хил даван, Өвөрмонголд хөлсөөр мал маллах болсон. Бид монгол малчин, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ үнэлэмжийг “өсгөхгүй”, гагцхүү малаа л “хайрлан энхрийлээд” байвал боловсролгүй, өвчтэй, өртэй, хүчирхийлэл дарамтад өртсөн хэсэг бүлгийн эгнээг тэлэх нь.