Нэг ой гурван сартай хүү унтаж буй ээжийнхээ өврөөс сугарч, орноос гулган бууж, мөлхсөөр гэрээсээ гарчээ. Улмаар хүүгийн баруун гарын таван хурууны үзүүр, зүүн гарын чигчий хуруу, баруун хөлийн ул хэсэг хөлдөж, хайрагдсан аж. Азаар ээж сэрж, хүүхдээ осгож үхэхээс нь урьтаж аварсан байна. Хүүг сумын эмнэлэгт яаралтай хүргэн, тусламж үзүүлж эхэлжээ. Өдгөө хүүхдийн биеийн байдал хэвийн байна. Хэрэг явдал болсон газар Баянхонгор аймгийн Баянговь сум. Тиймээс Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хэргийг шалгаж, хайнга ээжээс мэдүүлэг авч буй. Өвөрхангай аймгийн Уянга суманд мөн л эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж нэг охин эндэж, нэг хүү түлэгджээ. Тодруулбал, томчууд нь хоёр болон арван настай хүүхдээ гэртээ үлдээн малд явсан гэнэ. Улмаар гэр нь шатаж хоёр настай охин галд үрэгдэж, аравтай ахынх нь гар түлэгдсэн байна. Хүүг сумын эмнэлэгт хүргэн, эмчлүүлж байгаа аж.