Монгол Улсын шүүх 2020 онд 100 258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүхүүд эрүүгийн 13 465, иргэний 53 678, захиргааны 1524 хэрэг нийт 68 667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Мөн 20 963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13 380 хүн, таван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бол 1412 хүнийг хорих ял дуусахаас нь өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлсөн аж. Үүнээс гадна шүүх 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн гэнэ. Харин захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2702, зөрчлийн 516, иргэний 3436, захиргааны 1476 хэрэг, нийт 8013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1104, захиргааны 709 хэрэг нийт 2498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулсан байна.