Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон цөлжилтийг сааруулахад шаваг хэмээх ургамал онцгой ач холбогдолтой гэсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэхүү нэршлийг анх удаа дуулсан зарим нь шаваг гэж чухам ямар ургамал болохыг сонирхож, янз бүрийн таамаг дэвшүүлж байв. ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн доктор, судлаач Э.Ариунболдоос энэ талаар тодрууллаа.
-Шаваг гэдэг түлхүүр үгийг хайлтын системд оруулахад тодорхой мэдээлэл гарч ирдэггүй юм билээ. Ер нь энэ ургамлыг дэлхийд болон Монголд хэр судалсан байдаг бол?
-Шаваг гэдэг ойлголт, нэршлийн доор шарилжийн төрлийн 5-6 зүйлийн ургамал багтах бөгөөд энэ нь нутгийнхны оноосон нэр юм. Энэ нь ашигтай ургамал учир тодорхой хэмжээнд судалсан гэж үздэг. Одоогоор эрдэмтэд дэлхий дахинд шарилжийн төрлийн 470 зүйл ургамлыг бүртгэсэн бол манай оронд 109 зүйл ургадгийг судлаачид тогтоогоод байна.
-Энэ төрлийн ургамал ямар онцлогтой, таних шинж тэмдэг нь юу вэ?
-Шаваг нь хүн болон байгальд ихээхэн ээлтэй. Манай орны говь цөлийн бүсэд голчлон тархаж, экологийн нөхцөл гололгүй, бусдаас түрүүлж ургадаг учир пионер буюу хөл газрын ургамалд тооцдог. Бусад ургамалд ургах таатай орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдгөөрөө онцлог. Шаваг болгон зүйлийн түвшинд ялгарах шинжтэй. Бор шаваг буюу хуурайсаг шарилж (Artemisia xerophytica Krash) гэхэд 30-40 см өндөр сөөгөнцөр бүхий, хурц, эхүүн үнэр ялгаруулдаг, гол иш нь модожсон, мөн олон тооны модлог нахиа, найлзууртай, үндэс нь хүчирхэг хөгжсөн зэрэг шинжээрээ бусад ургамлаас ялгардаг.
-Шавгийг хар, шар, хөх гэх мэтээр ангилдаг. Гадаад байдал буюу зөвхөн өнгөөр нь ингэж ялгадаг хэрэг үү?
-Шаваг гэх ерөнхий нэршилд харьяалагддаг ургамлын гадаад төрх нь орчны нөхцөл байдлаас хамааран өөр өөр өнгөтэй. Тэдгээрийн навч, иш, найлзуур, биеийн бүтэц зэрэг хүний нүдэнд шууд тусах, газрын хөрсөн дэх ил хэсгийг нутаг нутгийн ард олон ажиглаж, цагаан, бор, хар гэх мэтээр зүслэн, нэр оноож ирсэн.
-Хүмүүс энэ ургамлыг элсний нүүдлийг тогтоож, цөлжилтийг сааруулахад онцгой ач холбогдолтой гэх юм билээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй юү?
-Тийм. Энгийнээр тайлбарлавал, элс нүүх үзэгдэл нь хөрсний үе давхарга хүн болон байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автан элэгдэж, эвдэрснээс үүсдэг. Харин шаваг зэрэг ургамлын газрын доод хэсэг буюу үндэсний систем нь хүчирхэг хөгжсөн учир хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, элсний нүүдлийг тогтоон барих үүргийг давхар гүйцэтгэдэг өндөр ач холбогдолтой юм.
-Энэ талаар бодитой судалгаа, туршилт бий юү?
-Манай орны байгалийн бүс, бүслүүрт тархан ургах сөөг, сөөгөнцөр бүхий ургамлын биоморфологийн судалгааг ШУА-ийн харьяа Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц 1970 оноос эхлүүлсэн бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төв болон бусад байгууллагынхан энэ чиглэлийн туршилт, судалгаа шинжилгээг өдгөө тогтмол хийж буй. Тухайлбал, Цөлжилтийн судалгааны төвийн судлаачид Өвөрхангай аймгийн нутагт орших Элсэн тасархайд элсний нүүдлийг зогсоох туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүлж байна.
-Хэрэв тийм бол бид энэ ургамлыг хамгаалах ёстой. Гэтэл иргэд хөл газрын ургамал гээд ад үзэх хандлагатай. Дээрээс нь хөдөөний айлууд шавгийг түлдэг. Иргэд энэ ургамлын талаар мэдлэг, мэдээлэл тааруу байна гэсэн үг үү?
-Говь цөлийн бүсэд мал маллан амьдарч буй өрхүүд ахуйн түлшний тодорхой хэрэгцээгээ заг, шаваг зэрэг сөөг ургамлаар хангасаар ирсэн. Харин тэдгээр ургамлын нөөц, тархацтай зүй зохистой харьцах, тэдгээрийг хамгаалах, ашиглах тухай заавар, зөвлөмжийг төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрөөс санаачилж гаргадаг. Гэвч энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэхэд олон бэрхшээл үүсдэг болов уу.
-Хүний буруутай үйл ажиллагаанаас өөр ямар хүчин зүйл тус ургамлын нөөцөд сөргөөр нөлөөлж байна вэ?
-Манай орны цөлийн хээр, цөлийн бүсэд шаваг буюу шарилжийн төрлийн ургамал өргөн тархсан. Хүний хүчин зүйл, үйл ажиллагаанаас гадна ган гачиг, хүчтэй шороон шуурга, гал түймэр, үер ус зэрэг байгалийн аюултай үзэгдэл сөрөг нөлөө үзүүлж болох ч үлэмж их хэмжээний хохирол учруулах магадлал харьцангуй бага.
-2010-2015 онд хэрэгжүүлсэн Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт “Заг, харгана, шаваг зэрэг мод, сөөгийг орлох шинэ төрлийн түлш, эрчим хүчний үүсвэр ашиглаж байгаа байгаль ашиглагч бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж тусгасан байдаг. Тухайн ургамлын нөөцөд төр, засаг бодлогын төвшинд анхаарч байсан гэдэг нь эндээс илэрхий. Харин одоо ямар бодлого баримталж буй бол?
-Хэрэв шавгийг түлшний зориулалтаар их хэмжээгээр хэрэглэсээр байвал мэдээж байгалийн нөөц нь багасах аюултай. Тиймээс төр, засгаас цагаан болон бор шаваг зэрэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Мөн түүж цуглуулсан, ургах орчинд нь механик гэмтэл учруулсан иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, торгож шийтгэх арга хэмжээг төрийн байгууллагаас авч хэрэгжүүлдэг. Одоо ч орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны газрынхан иргэдийг өвлийн цагт заг, шаваг зэрэг ургамлыг түлшинд хэрэглэхийг хориглож, энэ чиглэлийн зөвлөмж, мэдээлэл өгсөөр байгаа.
-Шавгийн талаар сонирхолтой баримт, мэдээлэл байвал хуваалцана уу?
-Шаваг буюу шарилжийн төрлийн ургамал эмийн өндөр ач холбогдолтой. Дээр дурдсан хуурайсаг шарилж буюу бор шавгаас гарган авсан этанол болон метанол ханд нь концентрацаасаа хамаарч хавдрын эсийн хуваагдлыг саатуулах үйлчилгээтэйг тогтоосон. Мөн энэ төрлийн ургамлаас эфирийн тос гарган авдаг. Нисэгчид сансарт гарахдаа шарилжийн навчийг нь авч явдаг гэсэн мэдээлэл ч бий. Учир нь шарилж бол үнэрээ хамгийн удаан хадгалдаг ургамал учраас нисэгчдэд онцгой мэдрэмж төрүүлж, эх дэлхийг нь санагдуулдаг байж. Энэ мэтчилэн байгалийн эд эс бүхэн экосистемд ач холбогдолтой. Тиймээс бид ургамал, амьтан, байгаль, эх дэлхийгээ ямагт хайрлан дээдэлж, хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх ёстой.