Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан “маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлт, гуравдагч этгээд С.Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлтийг тус тус хэлэлцэв. Шүүхээс маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүллээ.