Прокурорын байгууллагаас оны нэгдүгээр сарын 22- 29 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногт бүртгэсэн хэрэгтэй харьцуулан судалжээ. Дээрх өдрүүдэд нийт 28 554 зөрчлийн хэрэг бүртгэгдэж өмнөх хоногуудаас 16.2 хувиар өссөн дүн гарчээ. Хэрэг зөрчил нийслэлд 31.3 хувиар өсөж, орон нутагт 3.1 хувиар буурсан дүнтэй байна. Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилвал цагдаагийн байгууллага 98.57, мэргэжлийн хяналт 0.26, онцгой байдал 0.08, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.09 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 57.7 хувиар, хулгайлах зөрчил 30.0 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 25.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 18.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.2 хувиар өссөн байна. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгуудад хамгийн их гарсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 61.5 хувь нь Нийслэлд үйлдэгдсэнээс өнгөрсөн долоо хоногийн мөн адил Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 6038 бүртгэгджээ. Энэ төрлийн зөрчлийн 38.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Дорноговь, Өмнөговь ,Хэнтий, Хөвсгөл аймгуудад хамгийн их гарсан байна.