Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд өнгөрсөн сарын 12-ны 05.33 цагт газар 6.5 магнитудын хүчтэй хөдөлсөн. Газар ингэж хүчтэй хөдөлсөн тохиолдол тус аймагт өмнө нь бүртгэгдээгүйг онцлох хэрэгтэй. Хөвсгөл төдийгүй Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдэж, иргэдийг багагүй сандаргасан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус аймгийн Ханх сум орчимд чичирхийлэл бүртгэгдсээр байгаа юм.
Тодруулбал, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс харахад нэгдүгээр сарын 12-ноос өчигдрийн 12.00 цагийн байдлаар тус бүс нутагт 19 606 удаа газар хөдөлжээ. Үүний дотор магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 154 удаа бүртгэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахин болон Монгол Улсад гамшгийн давтамж жил бүр нэмэгдэж байгаа. Цасан уруй, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, хөрсний гулгалт, цасан шуурга, ган, зуд, хар салхи, үер, цунами, ой, хээрийн түймэр гээд байгалийн гамшгийн давтамж нэмэгдэн, хор хохирол нь үлэмж их болсныг судлаачид хэлж буй. Манай улсын хувьд ой, хээрийн түймэр, ган, зудаас өөрөөр байгалийн гамшгийн эрсдэл бага, иргэд харьцангуй тайван амьдарч ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот төдийгүй орон нутагт газар хөдлөх эрсдэл нэмэгдэн, чичирхийлэл улам бүр ихсэх болсныг эрдэмтэн, судлаачид хэлж, анхааруулсаар. Тиймээс энэ цагт барилгын чанар, аюулгүй байдал, газар хөдлөлтөд тэсвэртэй, эсэх нь хамгийн чухал болоод буй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 130 мянга орчим барилга байгууламж бий гэсэн тоон мэдээлэл байна. Үүний 9000 орчим буюу 7.3 хувь нь орон нутагт байрладаг аж. Газар хөдлөлтийн мужлалаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 25 хувь нь зургаа болон түүнээс доош балл, 55.3 хувь нь 7-8, 19.7 хувь нь ес болон түүнээс дээш баллын бүсэд байрлажээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламж орон нутагт 1500, Улаанбаатар хотод 2500 орчим бий гэх мэдээллийг МХЕГ-аас өгсөн.
Хөвсгөлд газар хүчтэй хөдөлсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран тухайн нутаг дэвсгэр дэх барилгуудыг шалгаж, үүссэн нөхцөл байдлын талаар оршин суугчдаас тодруулга мэдээлэл авсан байна. Аймгийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын 11 алба хаагч Ханх сумд ажиллан, газар хөдөлсний улмаас учирсан хохирлын хэмжээг эхний байдлаар гаргажээ. Тэд найман аж ахуйн нэгж, байгууллагын 11 барилга эвдэрч, 54 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. Тодруулбал, Ханх сумын ерөнхий боловсролын сургууль буюу 320 хүүхэд хичээллэх боломжтой байрны нэгдүгээр давхрын суурийн хоёр тулгуур, нэг, хоёрдугаар давхрын даацын хана цуурсан, 150 хүүхдийн дотуур байрны хана, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн дээврийн дүүжин тааз нурсан, сумын ЗДТГ-ын байрны хана цуурч, цонхнууд хагарсан. Мөн Төрийн банк, ХААН банк, Ханх дахь хилийн боомтын барилга, найман айлын орон сууцыг шалгахад бага зэргийн хохирол учирсан байжээ. Газар хөдлөлтийн голомт болсон Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газрын өнгөн хөрс цуурч, малын хашаан дотроос ус олгойдсон. Хүний эрүүл мэндэд аюул учраагүй ч газар хөдлөлийн чичирхийллийн улмаас 20 орчим иргэний зүрхний хэм алдагдаж, даралт ихэссэн гэж дүгнэжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэн “Газар хөдөлсөнтэй холбоотойгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Ханх сумд ажилласан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын чанарын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар боллоо. Газар хөдлөлтөөс сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах, газар хөдлөлтийн бичлэгийн зураглал хийлгэх, аймгийн барилгуудыг шат дараатай паспортжуулах, БХБЯ-тай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Манай аймгийн барилга байгууламж газар 8-9 баллын хүчтэй хөдлөхөд тэсвэртэй. Гэхдээ сум, багийн барилгуудын чанар харилцан адилгүй” гэв. Харин тус сумын Засаг дарга Л.Даваабаяр хохирлын хэмжээ 96.5 сая төгрөгт хүрсэн бөгөөд газар хөдлөлтийн давтамж сумын төв рүү улам ойртож буйг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь сумын төвөөс 30 орчим км зайд газар хөдөлж байсан бол одоо 13-14 км болж, аюул улам ойртжээ. Газар анх хөдөлснөөс хойш өдөр бүр энэ байдал давтагдаж буй тул эцсийн байдлаар хохирлын хэмжээг хэлэхэд эрт гэдгийг тэрбээр дуулгав.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлтээ МХЕГ-т явуулжээ. Дүгнэлтэд “Хөвсгөл аймгийн 50 барилга байгууламжийн суурийн хөндийн доорх газрын хөрс таван см өргөн, 50 см гүн хагарсан, хамар хана, гадна дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан, хуучин үүссэн хагарлууд нэмэгдсэн, цонхны шил цуурсан, хагарсан, модон дам нуруу, баганууд цуурсан, мушгирч гажсан, барилгын гадна талын шавардлагад ан цав, хагарал гарсан, модон хучилт, тааз хотойсон, шавардлага хөндийрсөн зэрэг нь тогтоогдсон. Ханх сум дахь 11 барилгыг шалгаж ЗДТГ, өрхийн эрүүл мэнд төв, сургууль, цэцэрлэг, банкны барилгад улсын байцаагчийн зургаан дүгнэлт гаргаж хүргүүлсэн” гэжээ. Тиймээс улсын ерөнхий байцаагчийн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлэн, хэрэгжүүлэхэд нь хяналт тавин ажиллаж буй аж.
“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, ОБЕГ-тай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Гамшигт тэсвэртэй хот” төслийг Улаанбаатар хот болон Орхон аймагт хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд цөөнгүй ажил хийсэн бөгөөд гамшгийн менежментийн баг бүрдүүлж, иргэдэд энэ талаар ойлголт мэдлэг олгон, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор үер усны эрсдэлийг бууруулах авто замын гүүрэн гарц, ус зайлуулах хоолой, үерийн далан барьсан байна. Мөн дээрх хоёр байгууллага хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэлнэ” хэмээн заасан байдаг. Гамшиг хэзээ ч, хаана ч тохиолдож мэднэ. Хөвсгөл аймгийн Ханх сумд болсон, одоо ч үргэлжилж буй газар хөдлөлт аюул хаяанд ирснийг санууллаа. Аюулыг зогсоож чадахгүй ч хохирол багатай даван туулах боломжийг эртнээс эрэлхийлж, сургамж авч ажиллах л үлдлээ.