Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн 87 хувь нь казах нэртэй болсон хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжилдэг. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг холбогдох байгууллагаас шалгахад сум, багийн нэр болон газар орны нэрийг өөрчлөн казах нэршил өгсөн нь батлагдсан аж. Тиймээс Баян-Өлгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө ажиллаж буй нэр бүхий хүмүүс, ЗДТГ-ын нэгэн хэлтсийн дарга зэрэг таван хүнийг өнгөрсөн жилээс шалгаж, улмаар яллагдагчаар татаад буйг эх сурвалжууд баталлаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” хэмээн буруутгаж, ЭЦА-нд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Шалгалтын явцад дээрх хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэж үзвэл дээрх хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар нэмж шалган, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлж болзошгүй байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа