Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий дахинд мөнх цас, мөсөн гол, цэвдэг эрчимтэй хайлж буйгаас байгалийн унаган экосистем доройтож, орчны дулаан, чийгийн горим алдагдан, жил бүр олон булаг, шанд, гол, мөрөн ширгэж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгааг чухалчлаагүйгээс цэвдэгтэй газарт хийсэн бүтээн байгуулалтууд сүйдэж, нийгэм, эдийн засагт хор хохирол учруулсаар буй. Цэвдэг энэ эрчээрээ хайлсаар байвал түүнд агуулагддаг асар их хэмжээний хүлэмжийн хий агаар мандалд дэгдэж, тэр хэрээр дэлхийн дулаарал “хурдсах”, цөлжилт гаарч, шороон шуурганы давтамж ихсэх гэх мэт олон аюул зэрэг тохиохыг судлаач, эрдэмтэд анхааруулах болов. Хүлэмжийн хийг хазаарлах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн тунхаг, нэгдсэн арга хэмжээнүүд энэ тохиолдолд ямар ч үр дүнгүй, зүгээр нэг цаас, яриа хэлцэл төдий зүйл болох эрсдэлтэйг ч шинжлэх ухааны салбарынхан хөндсөөр байгаа. Цэвдэгтэй холбоотой энэ мэт бараан мэдээ олширсон цаг үед ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын судалгааны багийнхан нэгэн сонирхолтой туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Судлаачид цэвдэгтэй газарт мөсөн зоорьж байгуулж, ашиглалтад оруулсан байна.
Ice shelter буюу мөсөн хөргүүр хэмээх технологи сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хурдацтай хөгжиж байгаа аж. Энэ нь өвөл тусгайлан бэлтгэж, нөөцөлсөн мөсийг ашиглан зоорин доторх агаарын хэмийг аль болох урт хугацаанд 0 градуст байлгаж, хүнсний бүтээгдэхүүн, тусгай бодис, урвалж зэргийг хадгалах технологи учир байгаль болон эдийн засагт онцгой ач холбогдолтойд тооцогддог. Харин газар нутагтаа цэвдэг хэмээх байгалийн онцгой “өгөгдөл”-тэй дэлхийн 48 орон мөсөн зоорийн эл технологийг арай өөрөөр, илүү боловсронгуй түвшинд ашиглаж иржээ. Тодруулбал, цэвдэгтэй хөрс бүхий газар нь мөсөн зоорь байгуулах гол давуу тал болдог бөгөөд ашиглалт, үйл ажиллагааг нь хэвийн байлгахад чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Оросын Сибирь, АНУ-ын Аляск, Канадын хойд бүс гээд ихээхэн хэмжээний цэвдэгтэй газруудад ийм төрлийн, хэдэн мянгаас сая тоннын багтаамжтай зоорь олон бол япончууд үүнийг инновац, хөдөө аж ахуйн технологи гэдэг талаас нь өндөр түвшинд хөгжүүлж, дэлхий дахинд таниулсан гэдгийг дээрх хүрээлэнгийн эрдэмтэд онцолсон.
Манай улсын хувьд анхны мөсөн зоорийг нэрт эрдэмтэн, доктор, профессор Н.Лонжид 1960-аад оны үед цэвдэгтэй газруудад байгуулж байжээ. 500, 1000, 2000 тоннын багтаамжтай 27 зоорь ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн салбарт багагүй хэмжээний ашиг төвлөрүүлжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр байгууламж эзэнгүйдэж, ашиглах аргагүй болсоор сүйдсэн. Түүний энэ гавьяаг хожим “Улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан, шинэлэг, үр дүнтэй санаачилга” гэж үнэлэн, Төрийн соёрхол хүртээсэн түүхтэй.
Н.Лонжидын судалгаа, туршилтад суурилсан “Байгаль-техник хосолсон мөсөн зоорийн технологийн шийдэл”, “Орчин үеийн хөргөлтийн шинжлэх ухааны ололтыг уламжлалт арга болох байгалийн хүйтний нөөцтэй хослуулан ашиглах арга” зэрэг олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээл өнөө үеийнхэнд өвлөгдөн иржээ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарынхан ч энэ эрдэмтний санаачилга, туршлага, судалгаанд үндэслэн уг ажлыг хийсэн байна.
Тэд “Түүний санаачилсан мөсөн зоорийн технологийг 2011 оноос эхлэн сэргээн сайжруулж, судалсны дүнд туршилт амжилттай боллоо. Ингэхдээ Монгол орны онцлогт тохируулахын тулд хос системтэйгээр шийдсэн. Энэ зооринд хөрс чулуулагт агаарын хүйтэн жавар дамжуулж, хуримтлуулах тусгай хоолойг ашигласан бөгөөд цахилгааны эх үүсвэр шаарддаггүйгээрээ давуу талтай. Хос системтэй зоорийн хөргөлтийн механизм нь цахилгаан хэмнэх горимд ажилладаг учраас ашиглалтын зардал нь жирийн зоориныхоос хоёр дахин бага” гэв. Сэлхийн зусланд байгуулсан эл зоорины багтаамж 50 тонн бөгөөд өдгөө мах нөөцлөн, хадгалж байгаа гэнэ.
Туршилтыг гардан гүйцэтгэсэн эрдэмтэд зоорио мөсөн гэж тодотгож буй бол зарим судлаач “Ингэж нэрлэх нь оновчгүй. Термосифон хоолой ашигласан учраас хүйтэн хуримтлуулагч” хэмээн нэрлэх нь зүйтэй гэв. Энэ мэтчилэн нэршлээс эхлээд нэрт эрдэмтний үндэслэсэн технологид суурилсан, эсэх асуудалд ч зарим эрдэмтэн шүүмжлэлтэй хандаж байгаа учраас эл судалгаа, туршилтыг улам чамбайруулж, хөгжүүлэхээр ажиллаж буйгаа тэд хэлсэн юм.
Цэвдэгтэй газарт түшиглэх, эсвэл нөөцөлсөн мөс, хүйтэн хуримтлуулагч тусгай технологийн алиныг нь ч ашигласан зоорь Монголд эдийн засгийн өндөр үр ашигтай. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, газар нутгийн 29 орчим хувь нь цэвдэгтэй, иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь хөдөө аж ахуйгаас эхтэй учир энэ давуу талаа ашиглаад, мөсөн зоориор мөнгө олох бүрэн боломжтойг нэрт эрдэмтэн одоогоос 50 гаруй жилийн өмнө олж харсан ч XXI зууны монголчуудад энэ технологи одоо ч шинэ хэвээр. Харин дэлхийн орнууд агаар мандалд асар их хэмжээний хорт бодис (озон задлах) нийлүүлдэг хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүний хор хөнөөлийг бага ч атугай сааруулах нэг шийдэл нь байгалийн нөөцөд суурилсан технологи гэж үзэн, эдийн засаг, экологийн ач холбогдлыг нь давхар “онилж” байна.