Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцэв. Улмаар шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо. Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирол төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 8-ны 11.00 цаг хүртэл шүүх хурлыг завсарлууллаа. Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын сонгуулийн үеэр буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 20-нд 02.00 цагийн орчим Төв аймаг Улаанбаатар чиглэлийн замд авто тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн. Осол гаргасан жолооч нь яруу найрагч Д.Галсансүх бол, ослоор эндсэн хоёр нь ТВ-4 телевизийн сэтгүүлч, зураглаач нар байсан. Шүүх бүрэлдэхүүн ажлын тав хоногийн дараа буюу шүүгдэгч хохирлоо барагдуулсны дараа шийдвэрээ танилцуулах юм.