Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан О.Заяамандахыг албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллагдагчаар татан шүүхэд шилжүүлээд байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар хянаж, урьдчилсан хэлэлцүүлгийг маргааш хийхээр товложээ. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дахь “Дипломат-95” хэмээх төрийн өмчид, ГХЯ-ны мэдэлд байсан, гадаадын ЭСЯ-ныханд зориулсан орон сууцыг 2016 онд Засгийн газраас хувьчлах тогтоол батлахдаа “Одоо эзэмшиж буй иргэдэд нь хувьчлах”-аар зааж, АСЕМ-ын дуулианы үеэр хувьд шилжүүлсэн байдаг. Уг хувьчлалыг явуулах үеэр Сангийн сайд Б.Болорын тушаалаар ажлын хэсэг байгуулж, тухайн үеийн Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга О.Заяамандах багтсан аж. Ийнхүү ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, бусдын нэр дээр байр шилжүүлэн авч, давуу байдал бий болгосон нь АТГ-ынхны мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон хэмээн гэм буруутай, эсэхийг нь шүүхээр дэнслүүлэхээр болоод байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа