“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал Ц.Мянганбаярын Х.Даржаатай бүлэглэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт “нөхөн сэргээлт хийх, алт олборлох” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлэлгүй нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж, залилсан гэх хэргийг цагдаа шалгаж, прокурор хяналт тавьж дуусжээ. Х.Даржаа нь 2014 онд хулгай, дээрмийн хэрэг холбогдож шалгуулсан, үүнээс хойш гурван ч удаа ял шийтгүүлсэн нэгэн гэнэ. Харин Ц.Мянганбаяр банк, санхүүгийн хэргээр шүүхийн хаалгыг хэдэнтээ татсан, татвараас зайлсхийдгээрээ алдартай бизнесмэн. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт Эрүүгийн хуулийн Залилах буюу 17.3-1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Шүүгчдэгч нарын гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны өнөөдөр (хоёрдугаар сарын 1) 09.00 цагт товлосон байв. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Должинсүрэн хөл хорионд орсон шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснээс гадна гэрч Б.Цогбат шүүх хуралдаанд ирээгүй байна. Тиймээс шүүх хурлыг ирэх сарын 3-ныг хүртэл хойшлуулав.