Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгчдэгч Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 29-нд хэлэлцээд Ц.Өнөрцэцэгийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял оногдуулсан. Харин Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт оролцож, хээл хахууль авсанд тооцож, мөн хуулийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оногдуулсан юм. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт тус бүр нэг жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан нэг жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв.