Прокурорын байгууллага 2020 онд авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 37.1 хувь буюу 402 хэргийг хааж, 14.6 хувь буюу 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2.3 хувь буюу 25 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Хяналт тавьсан хэргийг 2019 онтой харьцуулбал хээл хахууль, албан тушаалын хэрэг зургаан хувиар өсчээ. Өнгөрсөн онд 462 албан тушаалтан авлигын 173 хэрэгт холбогдсон бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэрэг өмнөх оноос 1.2 дахин өссөн гэнэ. Энэ төрлийн гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн байна. 2020 онд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Дархан-Уул аймаг 10 мянган хүн амт тутамд 0.4 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй гарчээ. Авлигын хэргийн 82.9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.