Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу боомтоор Монгол Улсын хилээр хязгаарлалттай нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтад багтдаг 37 нэр, төрлийн эд зүйлийг оруулж ирэхээр завдсаныг манай хилчид илрүүлэн, холбогдох байгууллагынхнаар шалгуулахаар шилжүүлжээ. Мэнэнгийн талаас нефть олборлон зөөж буй “Петро Чайна дачин Тамсаг” компанийн газрын тосыг тээвэрлэдэг автомашины ёмкостьд ногоон шуудайд хийж боон уг эд зүйлийг БНХАУ-ын талаас оруулж ирж байсан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхан уг ачааг задлуулан шалгахад тус улсад үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундааны зүйл, тамхи, хүнсний бүтээгдэхүүн, эмүүд гарч иржээ. Тиймээс холбогдох хууль тогтоомж зөрчин, гаалийн татвараас зайлсхийхийг завдсан гэх үндэслэлээр тагнуулын байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Уг архи, тамхи зэрэг 37 нэр, төрлийн барааг тээвэрлэсэн жолооч “Петро Чайна дачин Тамсаг” компанид ажиллаж буй БНХАУ-ын иргэдэд хүргэхээр авч явсан” хэмээсэн аж.
Бэлтгэсэн: Г.Орчлон