Монгол орны нийт нутгаар өнгөрсөн зун зуншлага тааруу, өвс ногооны гарц муу байснаас энэ өвөл зэрлэг амьтдад хүндхэн сорилт болж байна. Тиймээс тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид амьтдыг өлдөх, харангадах аюулаас хамгаалахын тулд тархац нутагт нь өвс, хужир мараа, хагалж бэлтгэсэн мөс тавих зэргээр биотехникийн арга хэмжээ тасралтгүй авсаар буй аж. Ховор амьтдын гол тархац нутаг Хүйсийн болон Шаргын говьд өвөлжилт ямархуу байгаа, идэш тэжээлийн хомсдол, ган, зуд, халдварт өвчний улмаас 2017 онд 3000 болтлоо цөөрсөн ч өнгөрсөн жилийн тооллогоор 8500 толгойд хүрсэн бөхөнгийн сүрэгт хахир өвөл хэрхөн нөлөөлж буй бол. Энэ асуултад “Бөхөн хамгаалах сүлжээ” багийн ахлагч Т.Батсайхан хариуллаа. Тандалт судалгааны ажлаар говийн нутгаар ажиллаад ирсэн түүнийг аян замын тоосоо ч гөвж амжаагүй, завгүй үед нь холбогдсон учир товчхон мэдээлэл өгөв.
Судлаач “Бөхөн болон бусад амьтны өвөлжилтийн байдлыг тандах зорилгоор говьд ажиллалаа. Шаргын говь цас харьцангуй багатай, зузаан нь 3-5 см байна. Өнгөрсөн сард шөнөдөө 35-40, өдөрт 27-30 хэм хүрч нэлээд хүйтэрсэн. Харин одоо цаг агаар уярчээ. Гэхдээ зэрлэг амьтдын хувьд хэцүүхэн хэвээр байна. Өвс ногоо ховор учир бөхөнгийн сүрэг байршил нутгаасаа дайжиж, Халиун сумын Олонбулаг, Сүүжийн хотгорт оччихож. Тэнд нэлээд олон тооны бөхөн нутаглаж байгааг харлаа. Өлдөж, харангадаж үхсэн бод малын сэг зэм энд тэнд байсан ч азаар зэрлэг амьтных үзэгдээгүй.Ховд, Говь-Алтай аймгийн таван сумын газар нутгийг хамардаг Хүйсийн говьд өнгөрсөн зун өвс ногооны гарц сайн байжээ. Зуншлага ч сайхан болсон. Тийм болоод ч тэр үү, энэ өвөл Хөхморьт, Баян-Уул сумд отрын мал их байна. Бэлчээр, өвс ногоог нь хайр найргүй талхалж, тарамджээ.
Цас ч их орж. 10-15 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна лээ. Бэлчээр нутгаа отрын малд булаалгасан бөхөнгийн сүрэг мөн л өөр газрууд руу дайжсан. Хүйсийн говь мал ихтэй учраас биотехникийн арга хэмжээ авахад хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Аймгийн БОАЖГ-ынхан Халиун сумын тодорхой хэсгүүдэд биотехникийн арга хэмжээ авсан. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа. Идэш тэжээлийн хомсдол, бэлчээр нутгийн давхцал зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр бөхөнгийн сүрэг шилжилт хөдөлгөөн идэвхтэй хийж буй учир биотехникийн арга хэмжээг тандалт судалгаанд тулгуурлан оновчтой зохион байгуулах нь чухал. Энэ байдлаараа бол бөхөн ирэх хавар бүр ч хүндхэн сорилттой тулгарах нь” хэмээн ярив.