Төрийн мэдэлд байгаа, хувьчлалаа хүлээсэн үнэ цэнтэй объектын нэг бол Төрийн банк. УИХ-аас хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард Төрийн банкийг хувьчлах асуудлыг хэлэлцэж байснаас хойш сураг алдарчээ. Тухайн үед УИХ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж 27 байгууллагын жагсаалтын хоёрдугаарт тус банкийг багтааж байв. Гэвч 2019 оны тавдугаар сард Засгийн газар дээрх тогтоолын төслийг эгүүлэн татсанаас хойш хувьчлалын чимээ тасарсан гэхэд хилсдэхгүй. Уг нь нэлээд олон жилийн өмнөөс энэ банкийг хувьчлах талаар ярьж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй.
…Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар зээлдэгчээс авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Д.Ганбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Б.Цэндсүрэнд хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутай нь тогтоогдсон хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил зургаан сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэсэн билээ…
Харин ийнхүү дуншиж байх хооронд тус банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж, хулгайлж байсан хэрэгтээ зарим нь ял шийтгүүлж, нэг хэсэг нь хэзээ мөдгүй шүүгдэгчийн ширээнд суух болоод байна. Тухайлбал,тус банканд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай албан тушаалтнуудад ял шийтгээд буй. Тус банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 2016-2017 онд тэнд Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа уг мөнгийг олгосон хэрэгтээ ял шийтгүүлсэн.
Мөн уг хэрэгтэй хамтатган Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж асан Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал байсан Б.Цэндсүрэн нарыг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт гэм буруутай, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар зээлдэгчээс авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Д.Ганбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Б.Цэндсүрэнд хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутай нь тогтоогдсон хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил зургаан сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэсэн билээ. Уг ялыг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Д.Баярсайхан, Д.Ганбаатар, Б.Цэндсүрэн нартай хамт өөр зургаан хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцсэн бөгөөд тэр дунд нь банкны зээл хариуцсан таван албан тушаалтан, зээлдэгч, БНХАУ-ын иргэн “Шинжан шинфан” ХХК-ийн захирал Сун Гуанчин ч багтсан. Хэдийгээр тус компани анхан шатны шүүх хурлын үеэр Төрийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн хамт төлж, хохиролгүй болгосон ч эл банкныхан тухайн аж ахуйн нэгжээс 15 тэрбум 894 сая 632 мянга 691 төгрөг 89 мөнгө гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Тус шүүх эл нэхэмжлэлийг нь 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Үүнээс үзэхэд Төрийн банкны албан тушаалтнууд дээр, доргүй харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс ямар нэг байдлаар халаасалж буй мэт. Тус банкны албан тушаалтнууд мөнгө завшиж, хулгайлсантай холбоотой өөр хоёр ч хэргийг дор өгүүлье.
“ТЭЭВРИЙН ТОВЧОО” САЛБАРЫН ХАРИЛЦАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭВ
Эл банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байсан хэрэг 2018 онд гарсан ч одоо болтол шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. Тодруулбал, тус банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэй хүмүүсийнхээс хуурамч баримт бүрдүүлэн зээл авч байсан хэрэгт холбогдсон. Тэдний хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид эхэлж шалгаад дараа нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн байцаалтыг үргэлжлүүлж, өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлээд байна. Дээрх гурван хүн 2018 оны тавдугаар сарын 29-нөөс мөн оны аравдугаар сарын 19 хүртэлх хугацаанд 40 гаруй иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбумын үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгуулсан юм. Дээрх хугацаанд банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг судалж, түүнийг нь барьцаалан зээл авч, хүүгийн төлөлт нэртэйгээр шилжүүлэн, хувьдаа завшиж байж. Жишээ нь, 2018 оны долдугаар сараас аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 25 хүний нэр дээрх хугацаатай хадгаламжийн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл нэрээр 1.9 тэрбум гаруй төгрөг авсан нь ч батлагдсан гэнэ.
Мөн зарим харилцагч нартай тохиролцож, 41 хүний нэр дээр бүртгэлтэй данснаас 2.4 тэрбум төгрөгийн болон ам.долларын зээл авсан нь тодорхой болсон гэдэг. Түүнчлэн Ч.Ариунгэрэл 18 харилцагчийн нэр дээр 90 сая төгрөгийн эрхтэй кредит карт захиалан 73 сая гаруй, өөрийн хамаарал бүхий 20 харилцагчийн нэр дээр 92 сая төгрөгийн эрхтэй карт гаргуулан 79 сая төгрөг хувьдаа завшсан хэрэгт холбогдоод байгаа. Ийнхүү авсан зээлээ өөр зээлдэгчийн данснаас “зээлийн хүү” нэрээр шилжүүлж байсныг ч мөрдөгчид тогтоосон гэдэг. Ийм байдлаар хамгийн багадаа 154, дээд тал нь 516 сая гаруй төгрөг шилжүүлсэн байна.
Тэгвэл дээрх албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж, хадгаламжид байсан мөнгөө алдсан иргэд Төрийн банкнаас хохирлоо нэхэмжилж шүүхэд хандаж байгаа аж. Тухайлбал, иргэн М мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 153.8 сая гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэнэ. Тэрбээр хугацаагүй хадгаламжийн данс нээн мөнгөө хадгалчихаад гадаадад суралцахаар явсан байна. Гэтэл эзгүй хооронд нь түүний зөвшөөрөлгүйгээр олон сая төгрөгийг нь өөр данс руу шилжүүлэн авсан байж. Тэрбээр үүнийг мэдэж, Төрийн банканд хандахад “Таны дансны гүйлгээг шалгахад “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан хүнтэй холбоотой байна. Түүнийг хууль, хяналтын байгууллагад шалгаж байгаа учраас шийдвэр гаргах хүртэл барагдуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн гэнэ. Тиймээс иргэн М Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хариуцагчаар Төрийн банкныхан оролцжээ. Энэ үеэр тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Иргэн М-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хадгаламжийн гэрээтэй холбоотойгоор Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ариунгэрэлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож, мөнгөө хадгалуулсан иргэдийн нэр дээрх хадгаламжийг барьцаалан зээл авч, олон хүний нэр дээр зээлийн эрхтэй карт гарган банканд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээсэн байв. Харин шүүх Төрийн банкнаас иргэн М-ийн хадгалуулсан 78 сая гаруй төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Иргэн М гадаадад байгаа учраас эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, тайлбар, мэдүүлэг өгөөгүй гэнэ.
АТМ-АА “УХСАНЫХ” НЬ ДАРАА ӨӨР ХҮМҮҮС ҮЛДСЭН МӨНГИЙГ НЬ АВЧЭЭ
Төрийн банкны автомат бэлэн мөнгөний машин буюу АТМ-ыг мөн л тус банкны ажилтан нь тоносон юм. Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Зурагтын шинэ эцэс дэх АТМ-ыг 2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө хулгайч тоносон хэрэг гарсныг цаг тухайд нь хэвлэлүүд мэдээлж байв. Уг хэргийг Төрийн банкны АТМ-ы засвар, үйлчилгээ хариуцсан ажилтан Х.Дөлгөөн үйлдсэнийг жилийн дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сард цагдаагийнхан тогтоож, НЦУГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Тухайн үед уг АТМ-ы бүхээгт байрлах хяналтын камер ажиллагаагүй болсон байсныг тэрбээр овжин ашигласан бололтой.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х.Дөлгөөн 3011 кодтой АТМ-ыхаа мөнгө байрладаг төмөр шүүгээний цоожны голыг өрөмдөж онгойлгоод дотроос нь 45.9 сая шахам төгрөг аваад явжээ. Тэрбээр ийнхүү зугтахдаа хаалгыг нь цоожлолгүй орхисон юм байна. Тухайн үед нь буюу 2019 оны есдүгээр сарын 15-ны 04.00 цагийн орчимд тус АТМ-аас мөнгө авахаар очсон Э.Энхбаяр, Б.Шинэбаатар нар арын хаалга нь онгорхой, мөнгө байрлах төмөр шүүгээ нь нээлттэйг далимдуулан үлдсэн 4.6 сая төгрөгт нь “эзэн суусан” аж. Уг хэрэг гарахаас нэг хоногийн өмнө 61 сая төгрөгөөр цэнэглэсэн байснаас 50 гаруй сая нь ийнхүү амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн гарт орсон юм.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Төрийн банкны АТМ-ы засвар, үйлчилгээ хариуцсан ажилтан Х.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн 17.1-2.4 дэх хэсэгт заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эд хөрөнгө хулгайлсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Харин түүний араас очиж үлдсэн мөнгийг нь авсан Э.Энхбаяр, Б.Шинэбаатар нарт мөн хуулийн 17.5-1 дэх хэсгийн “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” хэргийг бүлэглэн үйлдсэн хэмээн яллаж байгаа гэнэ.
Энэ мэтээр төрийн өмчид байгаа тус банкнаас их, бага хэмжээгээр ажилтан, албан тушаалтнууд нь бусадтай нийлж мөнгө завшсан хэрэг цөөнгүй гарлаа. Төрийн өмчид хяналт тавьдаг хүмүүсийн болон тус банкны дотоод хяналт сул байсныг далимдуулан энэ банкны зарим ажилтан өөрсдийнхөө хэтэвчийг зузаалсан хэрэг өдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Цаашид Төрийн банкныхан хяналт шалгалтаа улам сайжруулж, дээр өгүүлсэн гэмт хэргүүдтэй ижил явдал дахин гаргуулахгүй байх талаас нь анхаарч буй биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа